Тайландад болсон Парламентын сонгуулийн дүн гарсан тухай “РИА Новости” мэдээллээ. Сүүлийн хоёр жилийн турш сөрөг хүчин байсан “Пхыа Тхаи” буюу Тайландын төлөөх нам Төлөөлөгчдийн танхимд 264 суудал авч ялалт байгуулжээ. Ингэснээр шинэ Засгийн газрыг байгуулж, Ерөнхий сайдаа сонгох эрхтэй болж байгаа юм.
ИЙНГЛАК ЧИНАВАТ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ НЬ
Одоогоос таван жилийн өмнө тус улсад болсон төрийн эргэлтийн үеэр Ерөнхий сайд Таксин Чинават огцорч, тэрбээр гадаадад цагаачилсан билээ. Гэвч улс төрийг бүрмөсөн орхисонгүй, намаа удирдсан хэвээр байлаа. Түүний дүү Ийнглак Чинават улс төрд ороод удаагүй байгаа ч сонгуульд ялалт байгуулсан нь ажиглагчдын дунд шуугиан тарив. Төсвийн мөнгөнөөс завшсан, эрх мэдлээ хувийн зорилгоор ашигласан хэмээн хэл аманд өртсөн түүний ахыг эсэргүүцдэг хүн цөөнгүй. Тиймээс Таксины дүү Ерөнхий сайдаар томилогдвол шинэ Засгийн газрыг эсэргүүцсэн хүмүүс үймээн дэгдээж, дахин эмх замбараагүй байдал газар авч магадгүй хэмээн шинжээчид таамаглаж буй.
Үүний зэрэгцээ Ийнглак ахынхаа баримталж байсан бодлогыг үргэлжлүүлбэл байдлыг улам хурцатгаж ч магадгүй. “Пхыа Тхаи” намын дийлэнх гишүүн нь Таксины хуучин хамтран зүтгэгчид байгаа нь үүний нэг баталгаа хэмээн эрх баригчид үзэж байна. Мөн АНУ, Их Британид амьдарч буй Таксиныг эх орондоо буцаж ирэхийг нь шинэ Засгийн газар зөвшөөрөх вий хэмээн болгоомжилж буй хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ. Парламентын сонгуулийн дүн гарсны дараа Ийнглак Чинават “Нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой анхаарч, ард түмний эрх ашгийн төлөө ажиллана. Тайландчуудын хувьд одоо эв найрамдал хамгийн чухал” гэж хэлсэн аж.
АРДЧИЛСАН НАМЫНХАН БАЯР ХҮРГЭВ
2008 оноос хойш төр барьж буй Тайландын ардчилсан нам Парламентын сонгуульд 160 суудал авчээ. Тус намын тэргүүн, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Апхисит Ветчачива Ийнглак Чинаватад баяр хүргэж, амжилт хүссэн байна. “Манай нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, ирээдүйн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавина” гэж тэрбээр онцолжээ. Т.Чинаватыг дэм жиг чид болон түүнийг эсэргүүцэгчдийн хоорондын мөргөлдөөнд энгийн иргэд, улс орны эдийн засаг хохирсныг тэрбээр онцлоод ийм байдал дахин давтагдахгүй байх хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Мөн Парламентын сонгууль зохион байгуулалт сайтай, шударга болсон хэмээн Апхисит Ветчачива хэлсэн байна. Дашрамд хэлэхэд, өнгөрс өн оны хавар Бангкокт болсон эсэргүүцлийн цуглаан, түүнээс үүдсэн мөргөлдөөний үеэр 91 хүн амиа алдаж, 2000 орчим хүн гэмтэж бэртсэн билээ.
Х.ОДНОО