Гэр бүлийн харилцааг эгдүүтэй, хөгжилтэй зургаар илэрхийлдэг "Нэгэн дээвэр доор" фэйсбүүк хуудасны админ Н.Уянгатай ярилцлаа. Тэрбээр энэхүү хуудсаа хөтлөөд 1 жил болж байгаа бөгөөд өдгөө 17 мянга гаруй дагагчтай болжээ. Уг хуудсаараа дамжуулж өөрийн гэр бүлээр төлөөлүүлэн, айл бүрт тохиодог үйл явдлыг хөгжилтэй байдлаар зурж, хүмүүст аз жаргал, инээд бэлэглэхийг хүсдэг гэнэ.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Нацагдоржийн Уянга гэдэг. Хоёр хөөрхөн гүнжийн ээж. Нэг сайхан залуугийн гэргий. Нөхөртэйгөө арван жилд байхдаа танилцсан. Их сургуулиа төгсөөд бид хоёр гэр бүл болсон. Хамтын амьдралаа зохиогоод 10 жил болж байна даа.
-“Нэгэн дээвэр доор” хуудсыг нээх санааг анх яаж олсон бэ?
-Манай нөхөр надад зураг зурах хэрэгсэл авч өгсөн. Эхлээд ажлын стрессээ тайлах үүднээс зурж эхэлсэн. Мэргэжлийн хүн биш болохоор зураг зурах их хэцүү байсан. Тиймээс бяцхан судалгаа хийж эхэлсэн. Гадны зураачид царайны хувирал, сэтгэл хөдлөлийг хэрхэн зургаар илэрхийлдгийг дагаж зурдаг. Зургийг нь утсандаа хадгалж авдаг болсон. Олон дахин оролдсоор сүүлдээ өөрийнхөө санааг олж авсан даа.
-Зургаа гэр бүлийн гишүүдээрээ төлөөлүүлсэн байсан. Одоогийн байдлаар хичнээн зураг зураад байгаа вэ?
-Одоогоор 61 зураг зурсан байна. Хуудсаа хөтлөөд нэг жил болжээ. Манай хуудас руу хандсан хүмүүс ихэвчлэн 18-35 насныхан байдаг. Дүрүүд маань манай гэр бүлийнхэн. Сүүлд эмээ, өвөө гэсэн дүрийг нэмсэн.
-Зургаараа юуг илэрхийлэхийг зорьдог вэ?
-Гэр бүлийн харилцаанд тохиолдог хөгжилтэй, адал явдалтай үйл явдлыг зурж, хүмүүст аз жаргал бэлэглэхийг хүсдэг дээ. Миний бодлоор хосууд хоорондоо маш сайн ярилцдаг, мэдрэмжээ хуваалцдаг байх нь чухал гэж боддог. Мэдрэмжээ илэрхийлэхгүй, дотроо нуугаад байвал хоорондоо ойлголцохгүй хөндийрөнө. Мөн би гэхээсээ илүү бид гэсэн сэтгэлээр гэр бүлээ нэн тэргүүнд тавих нь урт удаан аз жаргалтай харилцааг бий болгодог юм болов уу гэж боддог.