1941 онд дайныг зогсоох сүүлчийн оролдлогыг Москвад сууж байсан Германы элчин сайд гүн Фридрих Вернер Эрдманн Маттиас Иоганнес Бернгард Эрих фон Шуленбург хийсэн байна. Тэрбээр бусдыг өөртөө татаж чаддаг, туршлагатай, сайн мэргэжилтэн байв. Оростой найрамдалтай байхыг эрхэмлэдэг хүн байснаас түүнийг Германы дээд удирдлагын нарийн нууц руу нэвтрүүлдэггүй байсан аж. Германы ЭСЯ-ны голлох ажилтнууд ч Орост найртай ханддаг байжээ. Элчин зөвлөх Вернер фон Типпельскирх Орос улстай гэмгүй сайн харилцаатай байхад өөрийн амьдрал, мэргэжлээ зориулсан хүн байлаа. Москвагийн нэг үйлдвэрийн эзний хүү, зөвлөх Густав Хильгер оросоор ус цас, ерөөс ихэд оросжсон нэгэн байв.
Цэргийн атташе морин цэргийн генерал Эрнст Кёстринг бол Улаан армитай хамтарч ажиллахыг чухалчилна. Шуленбург 1941 оны дөрөвдүгээр сард Германд очихдоо ЗХУ руу довтлох нь аюултай гэдгийг Гитлерт итгүүлж чадна гэсэн бодолтой байв. Гитлер түүнийг 28-ны өдөр хүлээж авахдаа дайны тухай ярихаас зайлсхийгээд байлаа. Энэ бол Гитлер түүнтэй санал нийлэхгүй байгаагийн дохио гэж Элчин сайд ойлгов. Гэхдээ яриагаа дуусгахын даваан дээр Гитлер -Нэг зүйлийг хэлэхэд, би Оростой юу юугүй байлдах бодолгүй байгаа шүү гэв. Элчин сайд Москвад буцаж ирлээ. Онгоцны буудал дээр угтаж авсан Густав Хильгерийг бусдаас хөндий аваачиж байгаад “Оростой дайтахаар нэгэнт шийдчихэж” хэмээн шивнэв. Яам руугаа явж байх замдаа Гитлерийн үгийг давтаж хэллээ. Фюрерийн хэлснийг яагаад дайн хийх нь зайлшгүй гэсэн үг гэж бодоод байгааг нь Хильгер лавлахад элчин сайд мөрөө хавчсанаа “Тэр надад худлаа хэлсэн” гэв.
Тэгээд л Шуленбург амиа ч алдаж мэдэх алхам хийлээ. Гитлер дайн хийхээр зэхэж байгааг Зөвлөлтийн удирдлагад дуулгахаар шийдэв. “Тэр үед Берлинд суугаа Оросын элчин сайд Деканозов Москвад байсан юм. Тиймээс бид эхлээд түүнтэй уулзаж нүдийг нь нээх нь зүйтэй гэж үзлээ. Тэгтэл оросуудад хэл дуулгах гэж байгааг минь мэдэх юм бол манай Засгийн газар биднийг урвалаа гэж үзнэ гэж Шуленбург хэлэв” гэж Хильгер дурссан байдаг. 1941 оны тавдугаар сарын 5-нд буюу Сталин цэргийн академи төгсөгчдөд хандаж үг хэлж байхад Шуленбург, Хильгер нар Германд суугаа Зөвлөлтийн элчин сайд Владимир Деканозов, Гадаад хэргийн яамны Төв Европын хэлтсийн дарга Владимир Павлов (Сталин, Молотов хоёрын хэлмэрч) хоёрыг урьж уулзсан байна. Шуленбург уулзаж байгаа хүмүүсээ Москвагийн нөлөө бүхий улс гэж үзэж байсан учраас дайн руу гулсаж байгаа үйл явцыг зогсоох арга хэмжээ авах ёстой гэдэгт итгүүлэхийг хичээжээ. “Германтай ЗХУ байлдах тухай цуурхал нь “тэсрэх бодис” бөгөөд Шуленбургийн бодлоор бол түүнийг таслан зогсоож, “ирийг нь мохоох” хэрэгтэй юм байна. Үүнийгээ ЗХУ-д суугаа Элчин сайдын хувьд үүргээ гэж үзэж буй аж” хэмээн Деканозов удирдлагадаа илтгэсэн байна. Деканозов, Павлов хоёр Шуленбургийг ойлгосонгүй. Түүний хэлснийг германчуудын өдөөн хатгалга гэж үзэв. Германы дипломатууд амиа дүйн байж ийм юм хэллээ гэх бодол Деканозовын толгойд орсонгүй.
“Байдал ямар аюултай болоод байгааг Шуленбург бид хоёр оросуудад ойлгуулахыг хичээсэн юм. Гитлер цохилт өгөхөөр шийдэхээс өмнө Зөвлөлт Засгийн газар Берлинтэй холбогдох ёстой гэж бид хэлээд байсан ч бүтээгүй. Бид удирдлагынхаа шийдвэргүйгээр, хар толгойгоороо хариуцан ийм үйлдэл хийж буйгаа Деканозовт бүр эхнээс нь хэлсэн. Гэтэл тэрбээр биднийг Германы Засгийн газрын даалгавраар ажиллаж буй юм биш үү гэж зүтгээд байсан. Хэрэв тийм биш бол бидний үгийг удирдлагадаа уламжлах боломжгүй гэсэн. Тэгээд та нар Гадаад хэргийн ардын комиссарт хандах ёстой гэлээ. Дэлхийг аврах гэж бид сүүлчийн оролдлого хийхдээ өөрсдийгөө золиослоход бэлэн байна гэж Деканозов төсөөлж чадахгүй байлаа. Тэрбээр биднийг Гитлерийн нэрийн өмнөөс ажиллаж, Кремлийн нэр хүнд, эрх ашигт хохирол учруулах алхам хийлгэх гэж оролдоод байна гэж үзэж байв” хэмээн Хильгер дурссан буй. Тэгэхлээр нь Шуленбург эцсийн аргаа хэрэглэн хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Гитлер, Сталин хоёрыг захидлаар харилцуулах ажлыг зохион байгуулахыг Деканозовт санал болгов. Ингэж чадвал ядаж дайн эхлэх хугацааг хойшлуулж болох байсан байж мэднэ. Деканозов энэ саналыг Сталины сонорт хүргэсэн чинь дээдсийн санаанд нийцжээ. Хоёр гүрний эрх ашиг хэзээ нэгэн цагт мөргөлдөж, аль нэг нь буулт хийнэ гэдгийг Сталин ухаарч байжээ. Тэгэхдээ энэ үйл явц 2-3 жилийн дараа тохионо гэсэн бодолтой байлаа. Гитлер хоёр фронт дээр дайтах тэнхэлгүй гэж Сталин, Молотов хоёр үзэж байв.
Герман нь Зөвлөлтийн түүхий эд, нефть, улаан буудайг авдаг болохоор Франц, Англитай л дайтаж болох юм гэж Зөвлөлтийн удирдлага бодож байснаас цэргийн хүчээ хуралдуулж буй нь Английн эсрэг дайнд Москваг нэгдэхийг Берлин шаардаж буй хэрэг гэдэгт Кремль итгэлтэй байв. Сталин тайван байсны учир нь энэ. Берлин дэх улс төрийн тагнуулын албаны даргаар Улсыг аюулаас хамгаалах ардын комиссарын орлогч, Бериягийн ойрын хүн Богдан Кобуловын ах, тагнуулын ажлын туршлагатай Амаяк Кобуловыг томилов. Гэтэл Кобулов нь герман хэл мэддэггүй байлаа. Германчууд Сталиныг тайвшруулам мэдээлэл дуулгав. Герман улс ЗХУ руу довтлохгүй нь. Латви гаралтай, “лицейн сурагч” гэдэг хочтой Берлинд байгаа тагнуул Орестес Берлингсийн мэдээлэл дээр түшиглэсэн бичгийг тавдугаар сарын 25-нд Сталин руу явуулав. Гэтэл энэ хүнийг нь Германы тал 1940 оны наймдугаар сард “өөрийн” болгоод авсан байжээ. Хожим тодорхой болсноор Берлингс “Петр” гэсэн хочтойгоор Германы сөрөг тагнуулын газар давхар ажиллах болсон байна. “Зөвлөлт, Герман хоёрын хооронд дайн болох магадлал бага. Герман цэргийн хүчээ хилийн ойр бөөгнүүлж байгаа нь хэрэв дайн хийхэд тулбал германчууд шийдвэр төгс байгааг ЗХУ-д харуулах зорилготой юм. Ингэвэл Сталин яриа хөөрөөтэй болж, Германы эсрэг аливаа өдөөн хатгалгаа зогсоож, хамгийн гол нь өгөх бараагаа, ялангуяа нефтиэ нэмэгдүүлнэ гэж Гитлер үзэж байна”.
Сталинд дарамт үзүүлэх гэж л байгаа болохоос биш Гитлер дайн хийх гээгүй гэсэн агуулгатай мэдээллийг Амаяк Кобуловоос өөр тагнуулууд ч Москва руу илгээж байлаа. Түүнээс гадна дипломатын болон тагнуулын шугамаар ирсэн мэдээллүүд хоорондоо зөрөөтэй, дайн эхлэх хугацааг ч өөр өөрөөр хэлж байсан нь эргэлзээ, сэжиг төрүүлж байв. Зөвлөлтийн тагнуулчдын дотор Гитлерийн эсрэг тэмцэлд ЗХУ-ыг холбоотноо гэж үздэг фашизмыг эсэргүүцэгчид олон байлаа. Мөнгөөр мэдээлэл өгдөг хүмүүс ч цөөнгүй. Их л мэдээлэл өгвөл их мөнгө авдгаас хуурамч мэдээллийн төлөө хөрөнгө их зарсан байна. Бас нэг асуудал байсан нь авсан мэдээллээ Москва зөв ойлгохгүй байв. Герман улс ЗХУ руу довтлохоор зэхэж буйг хөдөлбөргүй нотлох баримтыг Жанжин штабын орлогч дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга Филипп Голиков дайн эхлэхээс гурван сарын өмнө олж авсан ч “ЗХУ-тай 1941 оны хавар дайтаж болзошгүй тухай мэдээллүүдийн ихэнх нь Зөвлөлт, Германы харилцааг муутгахыг ямагт эрмэлздэг Англи-Америкийн эх сурвалж дээр түшиглэж байна” гэж үзэж байлаа. Цэргийн нэрт түүхч Виктор Анфилов дайн дуусаад 20 жил болж байхад “Гитлер Орос руу довтлохгүй гэдэгт та яагаад итгээд байсан юм бэ” гэж маршал Голиковоос асуухад “Та Сталиныг ямар хүн болохыг мэдэх үү. Байдлыг би түүнд илтгэсэн.
Тэгэхдээ Англитай хийж буй дайнаа дуусаагүй байхад бидэн рүү Герман довтолж чадахгүй гэсэн бодол түүнд байсан учраас би айж байлаа” гэж хариулсан аж. Элчин сайд нарын сүүлчийн уулзалт тавдугаар сарын 12-нд болов. Тэгэхэд харилцан захидал солилцох талаар Таны тавьсан саналын тухай би Сталин, Молотов хоёрт хэлсэн. Зарчмын хувьд тэд татгалзахгүй байна лээ. Гэхдээ миний Москвад байх хугацаа дуусаж буй болохоор захидлын агуулгын талаар та л Молотовтой тохиролцох болно доо гэж Шуленбургэд Деканозов хэлжээ. Гэтэл ингэх бүрэн эрх байхгүй, Засгийн газраасаа ч холбогдох даалгавар аваагүй тул Молотовтой яриаг үргэлжлүүлж чадахгүй. Харин Сталин өөрөө санаачилга гаргаж Гитлерт захидал бичвэл өөр хэрэг гэж Шуленбург хариулжээ. Захидал солилцох асуудлаар Шуленбургийн гаргаж байсан их чармайлт яагаад гэнэт суларсны шалтгааныг Деканозов мэдэхгүй байв. Тэгвэл ямар ч захидал дайн хийх гэсэн Германы талын төлөвлөгөөг зогсоож чадахгүйг Элчин сайд (Шуленбург) ухаарсан байлаа. Дайн хэзээ мөдгүй эхлэх гэж байв. 1941 оны тавдугаар сарын 14-нд Улсыг аюулаас хамгаалах ардын комиссар Всеволод Меркулов “дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагасаас эхлэн ЗХУ-д суугаа Германы ЭСЯны ажилтнууд гэр бүлийнхнээ болон онцгой үнэт эд хогшлоо эх орон руугаа илгээж байна” гэсэн мэдээллийг Сталин, Молотов, Берия нарт илгээсэн байна. Гэвч Гитлертэй захидлаар харилцах, хоёр удирдагчийг биечлэн уулзуулах эсвэл Молотовыг Герман руу илгээх гэх мэт асуудлаар л Сталин, Молотов хоёр энэ үед оролдсоор байжээ.
Тэд Орос, Герман хоёрын хооронд дайн дэгдэх гэж байгаа мэт яриа нь дайсагнагч хүчнүүдийн явуулж буй үйл ажиллагаа юм. Германы хувьд ЗХУ-д дайсагнах шалтгаан байхгүй бөгөөд харилцаа хүлээсэн үүргээ хоёр тал хэлбэрэлтгүй мөрдөж байна гэсэн утгатай ТАСС-ын мэдэгдэл хийхээр тэд бэлтгэж байв. Түүгээр ч барахгүй ЗХУ-д халдах шалтгаан байхгүйг нотолсон хариу мэдэгдлийг Гитлер хийнэ хэмээн найдаж байлаа. Гэвч Берлин таг чиг. Геббельс өдрийн тэмдэглэлдээ “Герман цэргээ өрнөд хил дээр нь бөөгнөрүүлж буйг ТАСС өчигдөр эрс няцаав. Энэ нь Сталин эмээж буйн нотолгоо” хэмээн тэр үед бичсэн байна. Германчууд довтлохоор бэлдэж буй гэх мэдээллийг өөрийн шугамаар авсан Коминтернийн гүйцэтгэх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Георгий Димитров чухам яг энэ үед Молотовтой утсаар ярихдаа “Томоохон тоглоом болж байгааг та нар мэдэхгүй байх шиг байна” гэсэн байна.
Дайн эхлэхээс хэдхэн цагийн өмнө буюу зургадугаар сарын 21-ний үдэш Молотов Германы элчин сайдыг урьж уулзаад, Германы нисгэгчид хилийг нь байн байн зөрчиж буйг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Тэгэхдээ Германы Засгийн газар ямар нэг юманд сэтгэл дундуур байна гэх бодол төрөх боллоо. Чухам юунд сэтгэл дундуур байгааг хэлж өгөхгүй юү. Герман улс ЗХУ-ын эсрэг дайтахаар бэлтгэж байна гэсэн ярианд манай Засгийн газар эргэлзэж байна. Гэтэл Германы ЭСЯ-ны ажилтнуудын авгай, хүүхдүүд Москвагаас явж байна гэсэн мэдээлэл бидэнд бий. Энэ юутай холбоотой вэ хэмээн асуужээ. Халуун зун эхэлж байгаатай Элчин сайд үүнийг холбон тайлбарласан аж. Шуленбург эндээс ЭСЯ дээрээ буцаж иртэл Берлинээс илгээсэн цахилгаан утас ширээн дээр нь байв.
Түүнд “1. Энэ цахилгааныг хүлээж авмагц тайлж уншсан бүх материалыг устга.Радио холбоогоо жагсаалаас гарга.
2. Даруй уулзаж уламжлах яаралтай мэдээлэл байгааг ноён Молотовт уламжил” гэсэн байв. ...Берлинд зургадугаар сарын 22-ны шөнийн 03.00 цаг болж байхад Германы ГЯЯ-наас доктор Эрих Зоммер гэгч ЗХУ-ын ЭСЯ руу утасдаж, Деканозовыг Риббентроп хүлээж байгааг мэдэгдэв. Уг нь Риббентроптой уулзах гэж Деканозов хэдэн өдөр оролдсон байв. Гайхалтай нь энэ удаа элчин сайдыг Германы машинаар аваачив. Урьд нь өөрийн машинаар очдог байсан юм. Германы Засгийн газрын мэдэгдлийг бараг хагас цаг уншиж сонсголоо. Деканозов дуугүй л сонсоод байв. Эцэст нь дайн эхэлснийг түүнд дуулгахад “Ихэд харамсаж байна” гэж л хэллээ. Түүнийг галт тэргээр хил хүртлээ үдэж өгсөн хэлмэрч Зоммерт “Сталин, Гитлер хоёр уулзаж чадаагүй нь харамсалтай. Уулзсан бол түүх өөр замаар явж болох байсан юм” гэж хэлжээ.