Беларусийн нийслэл Минскт өнгөрсөн лхагва гаригт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 150 гаруй хүнийг баривчилсны дотор 10 сэтгүүлч байжээ. Жагсаалыг сурвалжилж байсан сэтгүүлчдийг цагдаа нар зодож, гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэгийн камерыг нь эвдэлсэн байна. Долоо хоногийн өмнө тус хотод мөн ийм жагсаал болсон юм. Харин энэ удаагийн цуглаанд өмнөхөөс илүү олон хүн ирсэн гэж “РИА Новости” мэдээлэв.
Минскийн төв талбайд эсэргүүцэгчид цуглах үед тэнд нийтийн бүжиг болж байсан гэнэ. Энэ нь жагсаал зохион байгуулах газаргүй болгох гэсэн эрх баригчдын арга гэж хүмүүс үзсэн байна. Жагсагчид долоо хоногийн өмнөх шигээ алга ташиж, хөлөөрөө газар дэвсэлж байсан гэнэ. Үүний зэрэгцээ тэд ямар нэгэн уриа лоозон бариагүй, үймээн дэгдээгээгүй аж.
Беларусьт болж буй санхүүгийн хямралаас үүссэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг зогсоох талаар арга хэмжээ авахыг жагсагчид шаардаж, эрх баригчдын явуулж буй бодлогыг шүүмжилж буй юм. Беларусийн эрх баригчид “Чимээгүй хөдөлгөөн”- ийг хүч хэрэглэн тараасан талаар ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна.
Х.ОД