ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахуулсан ажлын хэсэг Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд урд шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буусан байна.
Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар төлөвлөөд буй юм. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурна гэж тооцоолж байгаа аж. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тулгамдаж байгаа асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд салбар бүрийн хамтын ажиллагаа чухал гэдгийг ажлын хэсэг онцлов.