Японы нийслэлд төвтэй “Ferray” корпорац золбин муурнуудыг хамгаалах замаар ажилчдынхаа стрессийг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нь дээшлүүлэхээр шийджээ. Токиогийн олон орон сууц талбай жижиг, мөн ам метр багатай түрээсийн байр элбэг учраас гэрийн тэжээвэр амьтантай амьдрахыг хориглодог аж. Эл шалтгаанаас болж муурнууд золбирох нь сүүлийн үед нэмэгдэж байгаа гэнэ. Тус хотод оршин суугчид муур тэжээх нь маш өргөн дэлгэр бөгөөд энэ мэт саад бэрхшээлтэй тулгарч байгаадаа гутардаг талаараа гомдоллодог байна. Үүнд үндэслэн “Ferray”-гийн удирдлага гудамжинд эзэнгүй тэнүүчлэх муурнуудыг тэжээж, ажлын цагаар оффистоо чөлөөтэй зорчуулдаг болжээ.
Ингэснээр хүмүүс бие биетэйгээ илүү ойр харилцаж, нээлттэй болж байгаагаас гадна үдийн хоол, цайны цагаар муурнуудыг эрхлүүлж стрессээ тайлах болсон аж. Үүний нөлөө нь ажлын бүтээмж нэмэгдэж буйгаар давхар мэдрэгдэж байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн тус байгууллагын ажилтнууд муур тэжээдэг бол ажилдаа авчрах боломжтой болсон бөгөөд үүнийх нь төлөөсөнд удирдлага нь сард 42 ам.доллар төлдөг. Өөрөөр хэлбэл, түрээсэлж байна гэж үздэг байна. Компанийн байранд дөрвөн хөлт “ажилчид” компьютерын утас хазах, цаас урах зэргээр заримдаа төвөг учруулдаг ч энэ мэтийн бага зэрэг бэрхшээлийг тэвчихэд бэлэн гэдгээ удирдлага нь албан ёсоор мэдээлсэн байна.
Бэлтгэсэн Э.Хана