Энэ жил манай оронд баавгай элбэгшсэний учир шалтгааныг зарим судлаач, мэргэжилтэн Сибирийн түймэртэй холбон тайлбарлаж буй. Дэлхийн уушги болсон их тайгад олон хоног үргэлжилсэн галын аюулаас дайжсан амьтад хил залгаа нутагт ирж, амь аврагдсан гэж үзэж байна. Нас бие гүйцсэн майга бор байгалийн жамаараа нутагшиж, ичээлж чадахгүй хэрэн хэсүүчлэх тохиолдол ихэссэн нь, эхээсээ төөрсөн бамбарууш олширсон нь үүнтэй холбоотой гэнэ. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрынхан гэхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Түнэл, Ховдын Булган сумын нутгаас олсон гурван бамбаруушийг асран хамгаалж байна.
Тус хамгаалалтын захиргааны дарга “Эдгээр бамбарууш байгалийн болон хүний нөлөөнд өртөх эрсдэлтэй тул хамгаалах зорилгоор, шилжүүлэн авчирсан. Үүр, ичээ бэлдэн, тэжээж байгаад урин цагт байгальд тавих төлөвлөгөөтэй. Тэдгээрийг онд эсэн мэнд оруулахын тулд жимс, жимсгэнэ, самар, ногоо, зөгийн бал зэрэг идэш тэжээлийн хэрэгцээг нь хангах шаардлагатай. Үүнийг шийдэх зорилгоор аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Нэг анги-нэг бамбарууш” хандивын аян зарласан. Өхөөрдөм амьтдад амьдрал бэлэглэж, идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэхийг сурагчдадаа уриалъя” гэв.