Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Мөнгү Шяоши Бао” сониноос хятад хэлээр эсээ бичих ээлжит уралдаанаа зарлаж байна.
Уралдааныг уламжлал ёсоор Улаанбаатар хотын хятад хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах бөгөөд энэ жил Ардын хувьсгал ялсны 100 жил, МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдвийн дор явуулна.
Уралдаан нь сурагчдын хятад хэлээр бичих ур чадварыг хөхиүлэн дэмжих, монгол орон, түүх, соёл залуусын нүдээр хэрхэн харагдаж буй, хүүхэд залуус эх орноо хэрхэн үнэлж цэгнэдгийг нээн харуулах, шилдэг эсээ бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлсэд хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Уралдаанд ирүүлсэн эсээ бичлэгээс шилдэг гурвыг шалгаруулж 500.000, 300.000, 200.000 төгрөгийн мөнгөн урамшууллаар тус тус шагнах аж.