Улсын хэмжээнд нэг жилд 8.8 тэрбум кВт/цаг эрчим хүч хэрэглэж буйн 20 орчим хувийг импортолдог аж. Улмаар цахилгаан хэрэглэгчийн тоо сүүлийн таван жилд дунджаар 10 гаруй хувиар өссөөр өнгөрсөн онд өмнөх жилийнхээсээ 200 кВт-аар нэмэгджээ. Түүнчлэн 2021-2022 онд эрчим хүчний салбар гадаад, дотоодоос авсан зээл, зээлийн хүүд 60 тэрбум төгрөг төлөх бөгөөд өр, төлбөл зохих төлбөрийн дүн олон тэрбумаар хэмжигдэж буйг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дурдсан юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн чухал түүхий эдийн нэг өнгөт металлын үнэ дэлхийн зах зээлд өссөн аж. Тиймээс хэрэглэгчээс авах цахилгаан, дулааны төлбөрийг багадаа 20 хувиар нэмэх шаардлага үүссэнийг салбарын сайд удаа дараа мэдээлж байв. Гэсэн ч ирэх оны зургадугаар сар хүртэл цахилгаан, дулааны үнийг өсгөхгүй хэмээн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэжээ. Үүнээс гадна нар, салхины эрчим хүч ашигласны зардалд төлж буй үнэ өндөр байгаагаас сэргээгдэх эрчим хүч нийлүүлэгчдэд ч багагүй хэмжээний өр тавьсан гэдгийг салбарын яамныхан мэдээлсэн юм. Цаашид уг эх үүсвэрээс авах цахилгааны зардлыг бууруулахгүйгээр хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж багасаж буй гэнэ.