“Мэдээллээр үйлчилдэг хуулийн этгээд нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах, техник, технологийн хэрэгсэл, бусадтай харьцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.1- т заажээ. Ийн хуульчилж, хэрэгжүүлж эхэлсэн нь 2016 он юм. Тухайн үед зөвхөн МҮОНТ л мэдээллийн хөтөлбөрөө дохионы хэлмэрчтэйгээр нэвтрүүлдэг байжээ. Тэгвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд уг үүргээ өдгөө хэрхэн биелүүлж байна вэ, ямар ахиц дэвшлүүд гарч байгаа талаар бид хөндлөө. Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл, мэдээллийн таван сайтын ерөнхий эрхлэгч, редакторууд үүнд хариулт өгсөн юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг телевизүүд цаг үеийн мэдээ, мэдээлэл, хүүхдэд зориулсан болон танин мэдэхүйн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй, эсхүл хадмал тайлбартай гаргах үе шаттай төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй юм байна. Энэхүү үүргээ хэрхэн биелүүлснээ Харилцаа холбооны зохицуулах хороонд хагас жил тутам тайлагнадаг аж. Тус хорооны мэргэжилтэн Б.Алтай “Олон нийтийн тав, өргөн нэвтрүүлгийн 18, арилжааны 65 телевизийн хөтөлбөрт бид жил бүр судалгаа хийдэг. 2019 онд 20 телевиз мэдээ, мэдээллээ түгээхдээ дохионы хэлмэрч ажиллуулсан. 2020 оны судалгаагаар нийт 52 телевиз зарим нэвтрүүлгээ олон нийтэд хүргэхдээ дохионы хэлмэрч ажиллуулсан гэх үр дүн гарсан. Дохионы хэлмэрчтэй нэвтрүүлгийн цагийг телевизүүдийн хөтөлбөрийн нийт хугацаатай харьцуулахад 2019 онд 2.85 хувьтай байсан. 2020 онд энэ үзүүлэлт 5.7 хувь болж нэмэгдсэн. 2020 оны судалгаагаар дохионы хэлмэрчтэй нэвтрүүлэг (33.7 сая секунд)-ийн эзлэх хувь хэмжээ хадмал тайлбартай нэвтрүүлэг (5.3 сая секунд)- ийнхээс өндөр гарсан. Өөрөөр хэлбэл, 2020 онд нийт 53 телевиз монгол хадмал тайлбартай нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Хадмал тайлбартай гаргасан нэвтрүүлгийн хугацаа телевизүүдийн хөтөлбөрийн нийт цагийн дунджаар 0.39 хувийг эзэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Үүний дийлэнх хувийг кино, нийгэм, улс төрийн нэвтрүүлэг эзэлдэг” хэмээлээ.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэр бүр мэдээлэл авч чаддаггүй, хүртээмжгүй гэв. Мөн мэдээллийн хүртээмж бага боловч сайжирсан гэж дүгнэх нэгэн ч таарсан. Хөгжлийнбэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш МҮОНТ-ээс гадна “С1”, “ТV9”, “Монгол HD” телевизийнхэн зарим нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөртөө дохионы хэлмэрч ажиллуулах болжээ. Улмаар “С1” телевизийнхэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дээрх заалтыг дагаж мөрдсөнөөр үзэгчдийнх нь хандалт өссөн эерэг үзүүлэлт гарсныг онцолсон юм.
Мөн өргөн нэвтрүүлгийн телевизээр нэвтрүүлж буй улс төрийн мэдээ, мэдээлэлд голдуу дохионы хэлмэрч ажиллуулж, хадмал бичвэр ашиглаж байгаа нь эрх бүхий байгууллагынхан бодлого, хэрэгжүүлсэн ажлаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэж буй нэг хэлбэр аж. Ялангуяа өнгөрсөн долдугаар сарын 1-нээс Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, үйл явдлыг мэдээлэхдээ дохионы хэлмэрч тогтмол ажиллуулах болжээ.
Мэдээллийн сайтын хувьд харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох гол шалгуур нь дүрстэй мэдээндээ хадмал бичвэр ашиглах явдал. Одоогоор unuudur.mn, tovch.mn, ikon.mn, gogo.mn, news.mn зэрэг мэдээллийн сайт энэ жишгийг нэвтрүүлж эхлээд буй.
Яам бүрийн харьяанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дэд зөвлөл үйл ажиллагаа явуулдаг. Саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх дэд зөвлөлөөс өргөн нэвтрүүлгийн 18 телевизэд мэдээллийн хүртээмжээ сайжруулах, хадмал бичвэртэй нэвтрүүлэг, дохионы хэлмэрчтэй мэдээллийн хөтөлбөрийн цагаа нэмэхийг хүссэн албан бичиг илгээжээ. Засгийн газар болон яамдууд энэ мэтээр мэдээллийн хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, ирэх жил ХНХЯ-наас мэдээллийн хүртээмжээ нэмэгдүүлсэн таван сайтыг шалгаруулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжиж ажиллахаар төлөвлөжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизүүдийн хөтөлбөрт сар бүр хяналт, мониторинг хийдэг аж. Тус хорооноос өнгөрсөн есдүгээр сард хийсэн хяналт, мониторингийн дүнд үндэслэн телевизүүд мэдээллийн хүртээмжээ хэрхэн сайжруулж байгааг доорх хүснэгтэд үзүүллээ. Олон нийтийн гурав, өргөн нэвтрүүлгийн 18 телевиз мэдээ, кино, нийгэм, улс төр, танин мэдэхүй, хүүхдэд зориулсан, цэнгээнт нэвтрүүлгийг өнгөрсөн есдүгээр сард үзэгчдэд хүргэхдээ дохионы хэлний орчуулга болон хадмал бичвэрийг хэрхэн ашигласныг тэмдэглэлээ.
Унших, сонсох, харах гэсэн гурван чиглэлээр мэдээллээ бэлтгэдэг
Ш.ОЮУНЧИМЭГ (www.news.mn сайтын ерөнхий эрхлэгч):
-www.news.mn сайт нь унших, сонсох, харах гэсэн гурван үндсэн чиглэлээр уншигчдадаа мэдээллээ хүргэдэг. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх зорилгоор видео мэдээлэл бэлтгэдэг. Уг мэдээлэл нь хадмал бичвэртэй байдгаараа онцлог. Мөн мэдээллийн гол агуулга, бүтцийг тайлбарлах зорилгоор “Түгжрэлийн подкаст” нэртэй нэвтрүүлэг бий болгож, тухайн өдөр www.news.mn сайтад нийтэлсэн гадаад, дотоод мэдээ, сурвалжилга, нийтлэлийн гол агуулгыг олон нийтэд танилцуулдаг нь мэдээллийн хүртээмжээ сайжруулах нэг арга. Дээр нь бүх төрлийн мэдээллээ уншигчдад нийгмийн сүлжээгээр дамжуулан түгээдэг.
Робот хөтлөгч “Sara” том дэвшил авчирсан
Р.ОЮУНЦЭЦЭГ (iKon.mn сайтын ерөнхий редактор):
-iKon.mn бол pедакцын бодлогоо анх удаа нээлттэй зарласан сайт. Бид аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр, засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллах зарчмыг нэн тэргүүнд баримталдаг. Энэ бодлогынхоо хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг аль болох орхигдуулахгүй, мэдээллийг тэнцвэртэй хүргэхийг хичээж ажилладаг. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд iKon.mn-ий хиймэл оюун ухаанд суурилан бүтээгдсэн робот хөтлөгч “Sara” том дэвшил авчирсан гэж хэлж болно. “Sara” монгол хэлээр бичсэн текст мэдээллийг чөлөөтэй уншдаг. Өөрөөр хэлбэл, мэдээг текстээр унших боломжгүй ямар ч хүн аудио хэлбэрээр
Үсгийн хэмжээг томруулж, жижгэрүүлдэг технологи ашигладаг
Р.АДЪЯАСҮРЭН (gogo.mn сайтын ерөнхий редактор):
-Манай сайт сул хараатай иргэдэд зориулж үсгийн хэмжээг томруулж, жижгэрүүлдэг түүл (техник төхөөрөмж) ашигладаг. Мөн видео контентууд, нэвтрүүлгүүдээ хадмал бичвэртэйгээр олон нийтэд хүргэдэг. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнга дэмжиж, тэдний дуу хоолойг нь төр, засагт хүргэхэд анхаарч, нийтлэлийн бодлогодоо тусгаж ажилладаг.
Хадмал бичвэртэй мэдээллийг манай сайт анх гаргасан
Д.МАЙЦЭЦЭГ (tovch.mn сайтын ерөнхий редактор):
-Манай сайт 2018 онд байгуулагдсан. Улмаар Монголд анх удаа хадмал бичвэртэй видео сурвалжилгыг олон нийтэд хүргэж байлаа. Учир нь тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээллээс хоцорч, нийгмийн амьдралын талаар бодит мэдээлэл авдаг, эсэх нь тодорхойгүй байсан юм. Манайхыг хадмал бичвэртэй мэдээ гаргадаг болсноос хойш бусад сайт үлгэр жишээ авч, энэ туршлагыг нэвтрүүлэх болсон. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдгөө мэдээ мэдээллийг шуурхай авах боломж бүрдсэн. Үүнд маш талархдаг. Тиймээс tovch.mn сайтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй мэдээллийн хэрэгслээр тодруулсан болов уу.
“Бидний нэг” буландаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлхүү оролцуулдаг
Б.БАДАМГАРАВ (zindaa.mn сайтын ерөнхий редактор):
-Манай сайт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллах нийтлэлийн бодлоготой. Тухайлбал, төрийн байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж гаргасан мэдээ, мэдээлэл, постер, шторк, уриалга, аяны талаарх мэдээллийг үнэ төлбөргүйгээр нийтэлдэг. Мөн “Бидний нэг” буландаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлхүү оролцуулж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэдэг. Одоогоор “Бэрх биш ээлтэй” аяныг дэмжин, сурталчилж байна.