Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг УИХ 2015 онд баталсан. Уг бодлогыг 2030 он хүртэл 15 жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөв. Эхний үе шатыг 2023 он хүртэл найман жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр товлосон юм. Бодлогын эхний үе шатыг хэрэгжүүлэх хугацаа дуусахад хоёр жил үлдээд байна. Гэтэл ямар ч үр дүнд хүрээгүй нь харамсалтай. Уг бодлогын дагуу 2023 он гэхэд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байх учиртай. Мөн суурилагдсан чадлын 10 хувийг усан цахилгаан станцаар хангаж, нөөц чадал нь 10 хувиар давсан байх ёстой. Тэгвэл төвийн болон зүүн бүсийн эрчим хүчний томоохон цахилгаан станцуудын чадлыг 35-100 МВт-аар нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд ашиглалтад оруулсан ч суурилагдсан чадал өдгөө 30 хувийн дутагдалтай байна. БНХАУ, ОХУ-аас эрчим хүч импортолж дутагдлаа нөхөж буйг бид мэднэ.
Өндөр хүчин чадалтай цахилгаан станцууд барьж байж Монгол Улс эрчим хүчний импортын хараат байдлаас гарна. Гэтэл манай эрчим хүчний салбарынхан станцуудыг өргөтгөх замаар гал унтрааж ирэв. Цахилгаан станц барих хөрөнгө оруулагчдыг урьж, хамтын ажиллагаа эхлүүлсэн ч “гацаасан” нь хачирхалтай. УИХ-аас баталсан бодлогыг хэрэгжүүлэх сонирхол эрчим хүчний салбарынханд байсангүй. Хэрэгжүүлэхээр хичээл зүтгэл гаргаагүй учраас ингэж хэлэх үндэстэй. Юутай ч Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн дөрөвдүгээр зүйл буюу нэгдүгээр үе шатанд ямар ажил амжуулах зорилт тавьж байсныг нь эргэн сануулъя. Улаанбаатарт тавдугаар цахилгаан станц бариулахаар Францын “Жи Ди Эф Суэз”, Японы томоохон худалдааны корпорац “Сожитц”, БНСУ-ын гангийн үйлдвэр “Поско”, Монголын “Ньюком” компанийн консорциумд эрх олгосон. Цахилгаан станцын хувьцааны 10 хувийг “Ньюком”, бусад нь тус бүр 30-ийг нь эзэмшихээр тохиролцож ажилдаа орсон юм. Энэ бол 2014 оны хэрэг явдал. Тухайн үед Засгийн газартай зургаан гэрээ байгуулах байсан. Гэвч нэг гэрээг байгуулаад бусдыг чадалгүй, хөрөнгө оруулагч татгалзсан. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийг баталснаар Францын “Жи Ди Эф Суэз” компани хүлэмжийн хий ялгаруулах төсөлд хөрөнгө оруулахаас татгалзав. Ингэснээр бусад нь тавдугаар цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэхээ больсон юм. Цахилгаан станц барих төслөөс Засгийн газрын нөлөө бүхий хүмүүс хувь хүртэх санаархалтай байснаар гэрээ байгуулахгүй удаашруулсныг эх сурвалж дуулгадаг. Ингээд тавдугаар цахилгаан станц барих тухай яриа тасарсан юм.
Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барих хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпорацыг 2016 онд шалгаруулсан. Улмаар Монголын “Эм Си Эс” компанитай консорциум байгуулан цахилгаан станцыг барихаар болсон. Гэвч талууд гол худалдан авагч “Рио тинто” групптэй үнэ тариф болон зээлийн баталгаа гаргах хэлэлцээ хийгээд тохиролцоонд хүрээгүй. Хэлэлцээр хийхэд хөрөнгө оруулагчдад Засгийн газраас дэмжлэг үзүүлээгүй юм. Эцэст нь “Марубени” корпорац цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулахаас татгалзсан. Тэнд цахилгаан станц барих сонгон шалгаруулалтыг саяхан дахин зарлалаа. Хэрэв төслийг саадгүй үргэлжлүүлбэл, станцыг 2025 онд ашиглалтад оруулах гэнэ.
Багануурын цахилгаан станц мөн зогссон. “Багануур пауэр” компани Багануурын уурхайг түшиглэн 700 МВт-ын чадалтай цахилгаан станц барих ажлыг 2016 оноос эхлүүлсэн юм. Гэвч төслийн техник, эдийн засгийн үндэслэл эрчим хүчний системд ноцтой хүндрэл үүсгэж мэдэхээр байна гэсэн дүгнэлт хийж салбарын яамнаас 2018 онд зогсоосон. “Багануур пауэр” компанийнхан 350 МВт-ын чадалтай хоёрvтурбентэй станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулжээ. Хэрэв нэг турбен нь доголдвол эрчим хүчний системийг хүндрэлд оруулах юм байна. Тиймээс нэг турбений чадлыг 200 МВт-аас доош нь оруул гэсэн үүрэг өгсөн. Анх техник, эдийн засгийн үндэслэл хийхэд нэг турбен нь 200 МВт-аас бага хүчин чадалтай байх ёстой гэсэн ажлын даалгавар Эрчим хүчний яам өгсөн бол хөрөнгө оруулагчид түүгээр нь хийх байсан биз. Ийнхүү Багануурын уурхайг түшиглэж цахилгаан станц барих ажил сураг алдраад байна.
Экспортын зориулалттай том хүчин чадалтай цахилгаан станц барьж эхлүүлээгүй. Тиймээс тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих шаардлагагүй. Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн 5280 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг боловсруулж буй. Бодлогодоо тусгасан хэрнээ энэ станцыг барихыг Эрчим хүчний яамныхан далдуур эсэргүүцэж байгаа. Гэхдээ ирэх жилүүдэд барилгын ажил нь эхлэх найдлага бий. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод 2023 он гэхэд Эгийн гол, Ховд гол дээр усан цахилгаан станц барьсан байна гэж тусгасан. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих, эсэх нь тодорхойгүй болов. Харин Ховд гол дээр усан цахилгаан станц ирэх жилээс барьж эхэлнэ. Гэсэн ч товлосон хугацаанд амжиж ашиглалтад орохгүй нь тодорхой.
Эрчим хүчний салбарынхан зүүн бүсийн эрчим хүчний систем, төвийн бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, баруун бүсийн эрчим хүчний системийг дамжуулах шугамаар холбох зорилт тавьдаг. Дээр дурдсан суурин газруудыг холбосон дамжуулах шугамуудыг дийлэнхийг холбож амжаагүй. Үүнийг төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалсан гэж өршөөж болно. Гэвч эрчим хүчний салбарынхан тавьсан зорилгодоо хүрсэнгүй.
Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг Засгийн газар чөлөөлөөгүй байгааг бид мэднэ. Үнэ чөлөөлөөгүй учраас эрчим хүчний салбарын компаниудын өр, авлагын сүлжээ аалзны тор шиг л хэрээстэй хэвээр. Тодорхой хугацаа зарцуулах бүтээн байгуулалт биш, тооцоо судалгаа хийгээд шийдвэр гаргачих учраас Засгийн газар 2023 оноос өмнө үнэ тарифыг чөлөөлж амжих боломжтой. Гэвч хүсэх нь үү, үгүй юү. Эрчим хүчний салбарын дамжуулах сүлжээ эзэмшиж байгаагаас бусад компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжин, үйл ажиллагааг нь сайжруулах талаар олон жил ярилаа. Гэвч энэ санаачилгыг нэг алхам ч урагшлуулсангүй. Магадгүй хөрөнгийн зах зээлийн үр ашгийг бүрэн ойлгодог зах зээлийн сэтгэлгээ төлөвшсөн залуус төрийн эрхэд гарсны дараа л дээрх санаачилга ажил хэрэг болох байх. Эрчим хүчний салбарынхан ажлаа тун муу хийсэн нь энэ бүхнээс харагдаж байгаа буй за.