Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Сангийн сайд нэн тэргүүнд "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдад Ли Көчян нар цахим уулзалт хийсэн. Үүгээр Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын огтлолын цэгийг эцэслэн тохирлоо. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хилийн боомтуудад ногоон гарц нээхээр санал нэгдсэн. Уулзалтаар Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэсэн. Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн хоёр улсын худалдаа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын хүрээнд нүүрсний экспортыг дэмжиж идэвхтэй ажиллана" хэмээн онцоллоо.
Мэдээллийн дараа тэрбээр хэвлэлийнхний асуудлтад хариулав.
-Уулзалтын үр дүнд нүүрсний экспорт хэдий хэмжээгээр нэмэгдэх бэ?
-Өнөөдрийн байдлаар Цагаан хаданд 8.2 сая тонн нүүрс бэлэн бий. Энэ бол Хятадууд мөнгийг нь төлж, худалдаж авсан нүүрс. Бид мөнгийг нь урьдчилаад авсан ч хилээр гаргаж чадахгүй байгаа юм. Тиймээс нэн тэрүүнд худалдан авагч талдаа төлбөрөө өгсөн нүүрсийг нь хүргэхийн төлөө ажиллана. Худалдан авагчаа хохироож болохгүй шүү дээ. Мэдээж энэ жилийн нүүрсний экспортоо төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, том цохилт ирнэ. Гэсэн хэдий эхлээд мөнгийг урьдчилаад авсан нүүрсээ хүрнэ. Манай талаас нүүрс тээвэрлэлтээ эрчимжүүлэхээр чингэлэг тээврийн терминалыг байгуулсан. Хоёр тал харилцан тохиролцож тээвэрлэлт хэвийн явах учиртай. Бид чингэлэг тээврийн терминалыг ашиглаж эхлэх хүсэлтээ цаад талдаа хүргүүлсэн.
-Хятадын талтай төмөр замын царигийн асуудлыг тохиролцсон гэлээ. Огтлолцлыг ямар байхаар тохиролцсон бэ?
-Хилийн солиболцлын цэгийн асуудлыг олон жил ярьж байгаа бөгөөд эрт шийдчихсэн. Манай улс нарийн цариг оруулж ирнэ. Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр нарийн царигаа оруулж өргөн цариг дээрээ тохируулаад ачаагаа шилжүүлээд явна. Энэ дагуу Хятадын талын төмөр зам манай огтлолцлын цэг дээр ирсэн. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт ирэх 7 сард дуусгаж, ашиглалтад оруулна. Энэ төмөр замаа Хятадаас орж ирсэн нарийн царигтай тохируулж, төмөр замаа ашиглана. Монголын талд ачиж буулгах, шилжүүлэх терминал байгуулна.