Засгийн газрын ээлжит хуралдаан дуусаж, гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр "Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан түлш, нийлүүлэлт, нийгмийн даатгал гээд хэд хэдэн асуудал ярьсан. Улаанбаатар хотынхныг хэвийн өвөлжүүлэхийн тулд салбар дундын асуудлыг зохицуулах ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийг надаар ахлуулах чиглэл гарсан.
Хоёрдугаарт, шатахуун, өвчний асуудал нь өөрөө улс төрийн амьдралын хурцадмал үед бий олж байгаа учраас үүнийг дагасан таагүй үйл хөдөлгөөнүүд хийгдэж байна. Ковидын нөхцөл байдал ер нь л хүнд байгаа ба дэлхий нийтэд мөн адил хүнд байгааг та бүхэн мэднэ. Жаахан намдаж байснаа намрын ханиадтай давхцаад цар тахал улам нэмэгдэх нь.
Ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж маш хүнд асуудал бий. Том зургаар харвал их гүрнүүдийн ил далд хоородын тэмцэл дээд цэгтээ хүрч, хаялганд нь АНУ, Орос, Хятад юмны үнэ нэмэгдэж байна.
АНУ-аас 2 000 орчим доллароор ирдэг байсан ачааны тээврийн зардал 10 мянган долларт хүрсэн. БНХАУ-ын дотоодын тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. Европт газын үнэ нэмэгдлээ.
Том зургаар нь харвал гадна тал дахь ковидыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлын хаялга манай улсыг дайрч гарах зураглал харагдаж байгааг нуулгүй хэлье. Эдийн засгийг эрчимжүүлэх болон Баялгын сангийн тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ.
ОХУ-аас гадагшаа шатахуун гаргахгүй гэх асуудал дөрөвдүгээр сараас эхлэн яригдсан. Бид зохицуулж байна. Гэтэл дундуур нь сонгуулийг далимдуулан улс төр хийх, зохиомол хомсдол үүсгэх асуудал гарч байна. Цаашид сайжруулах арга хэмжээ авах бөгөөд байдал хэвийн байдалд шилжих байх.
Би 1990 оноос хойш улс төрд байна. Ийм олон хүндрэл хавсарсан хямрал маягийн нөхцөл байдал ер нь гарч байгаагүй. Энэ бол миний мэдэхийн дөрөв дэх хямрал. 1990 онд лангуу хоосорсон. Дараа нь Моргэйжийн хямрал болсон. "Ковид-19" нь хүн төрөлхтний үзээгүй хямралд аваачлаа" хэмээв.