Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ. Шинжлэх ухаан технологийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.
Тэрээр “Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй тогтолцоотой явж ирсэн. Зарим хүрээлэн нь шинжлэх ухааны хүрээлэн, зарим нь Шинжлэх ухааны сан, зарим нь их дээд сургуулиудын харьяанд явж ирсэн. Тиймээс санхүүгийн эх үүсвэрийг ойлгомжтой болгож, Монгол Улсад байдаг шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийг ил тод нээлттэй, шударга тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан технологийн сангаас 4500 гаруй судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Маш өндөр өртөгтэй судалгааны хэд нь өнөөдөр эдийн засгийн эргэлт орсон, бодитой шинжлэх ухааны суурь судалгаа болсон бэ гэхээр маш чамлалттай байна. Тиймээс цаашдаа энэ санг нээлттэй, шударга болгоно. Жил бүхэн энэ санд ирдэг 10-20 тэрбум төгрөгийг бүх судалгаанд хуваарилдаг. Ингэснээр нэг судалгаанд 10, 20 сая төгрөг ногдож байна. Тиймээс манай судалгаанууд ямар ч үр дүнд хүрдэггүй.
Монгол Улсад анх удаа лабораторийн тооллого хийсэн. Үүгээр нийт лабораторийн 70-80 хувь нь социализмын үеийн тоног төхөөрөмжтэй байна. Зарим лабораторийг шалгаж үзэхэд таван сая орчим ам.долларын өртөгтэй, улсын төсвөөс санхүүжүүлсэн лаборатори ажиллахгүй, тоосонд дарагдаад хэвтэж байна. Тиймээс салбар дундын лабораториудыг хөгжүүлэх шийдвэр гаргасан.
Манай хүрээлэнгүүдийн газар хулгайд алдагдсан байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа. Мөн улс орны хөгжил дэвшилд шаардлагатай байгаа хүрээлэнгүүдийг сэргээн байгуулна.
Үүнд:
1. Дулааны техник, технологийн хүрээлэн
2. Тархи, сэтгэл судлалын хүрээлэн
3. Сургалт, судалгааны хүрээлэн” гэлээ.