Швейцарийн Цюрих хотноо Монголын түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох алтан шармал бурхад, мөнгөн ваар, гүц, хонх, дамрыг дуудлагаар худалдсан талаар бид өнгөрсөн хоёрдугаар сард уншигчдадаа мэдээлж байсан билээ. Тус улсын дуудлага худалдааны “Коллер аукшн” компанийнхан www. kollerauktionen.ch цахим хуудсанд Монголын гэсэн хаягтай, эртний уран дархчуулын арваад нэр төрлийн бүтээлийг худалдсан бөгөөд чухам ямар замаар Монголын эртний эдлэл, эд өлгийн зүйлс борлуулагдаж байгаа нь тодорхойгүй.
Үүний дагуу тагнуул, цагдаагийн байгууллага, Интерполын үндэсний товчооныхон уг дурсгалууд ямар замаар, хэзээ хил давуулсан болохыг тодруулахаар ажиллаж эхэлсэн талаар бид тухайн үед хүргэж байсан. Энэ шалгалт ямар үр дүнд хүрснийг холбогдох хууль хяналтын байгууллага, Соёлын өвийн төвийнхнөөс тодрууллаа. Гэвч эдгээр байгууллага ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй бололтой. Энэ талаар УМБГ-ын албаны хүнээс асуухад “ЮНЕСКО-гоос манайд бурхан шашны холбоотой түүх дурсгал, соёлын үнэт бүтээл худалдаж байгаа тухай мэдээлэл ирсэн. Үүний дагуу бид шалгаад Мэргэжлийн хяналт, Соёлын өвийн төв зэрэг байгууллагад бүртгэгддэг алдагд сан эд зүйлсийн жагсаалт зэрэгтэй тулгаж үзсэн.
Харамсалтай нь танай сонинд нийтлэгдсэн тэр бүтээлүүд манай улсаас алдагдсан түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад байхгүй юм билээ. Магадгүй хувиараа эртний эдлэл цуглуулагчид гадагш нь худалдсан байхыг үгүйсгэхгүй. Манайхаас алдагдсан эд зүйлсийн жагсаалтад нэрс нь байхгүй учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгалгүй хаасан” гэв. БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвийн ажилтнууд “Энэ зүйлүүд манайд бүртгэгдээгүй. Тухайн үед цагдаагийнхан манайхаас лавлагаа авч асууж байсан. Манайд бүртгэгдээгүй болохоор бид яаж ч чадахгүй” гэлээ. МХЕГ, ЭЦГ-ын хамтран хийсэн судалгаагаар 1996 оноос хойш улс, аймгийн музейгээс 193 ширхэг, 28 сүм хийдээс 459 ширхэг бурхан шүтээний зүйлс хулгайд алдагдсан юм. 2007 оноос хойш Үндэсний түүхийн музейн сан хөмрөгч Б.Энхбат 448 төрлийн 1073 ширхэг үзмэрийг музейгээсээ хулгайлсан. Түүнээс гадна Өвөрхангай аймгийн Шанхын хийдээс 50 гаруй бурхан хулгайд алдагдсан юм.
Эдгээр нь Соёлын өвийн төвд бүртгэлтэй байжээ. Бүртгэлгүй хэчнээн ч эд өлгийн зүйлс хилээр гарч, гадаадад энэ мэтээр зарагдаж байгааг хэн ч хэлж мэдэхгүй нь харамсалтай. Уг нь Монголын соёл, түүх гэдэг утгаар нь анхаарч, хөөцөлддөг байвал зохилтой. Биднийг ийнхүү түүх соёлын хосгүй үнэт бүтээлээ бүртгэлтэй, бүртгэлгүй хэмээн “ухнатаж” байх хооронд Швейцарьт манай хосгүй үнэт бүтээлийг дахин худалдлаа. Дээрх сайтын энэ сарын эхний өдрүүдэд зарласан дуудлагаар худалдах эртний эдлэлийн жагсаалтад Монголын уран дархчуудын хосгүй үнэт бүтээл болох алтан суваргыг худалдахаар зарлажээ. Монголд XIX зууны үед урласан цагаан арслан хээтэй, алтан суварга хэмээн тайлбарласан уг бүтээлийн анхны үнэ нь 1380 евро. Оюу, номин шигтгээтэй үүлэн хээ урлаж бүтээсэн, 22 см өндөртэй энэ бүтээл 1920 евро буюу гурван сая 292 мянган төгрөгөөр худалдагдсан байна.
ГЦОЛМОН