Тагнуулын байгууллагын ажилтнууд хилээр контрбанд хийдэг Монгол, Хятадын сүлжээний зарим хүнийг саатуулан шалгаж байгаа тухай мэдээллийг эх сурвалжууд бидэнд өглөө. Сүүлийн жилүүдэд их хэмжээний ашиг олох зорилгоор хоёр улсын иргэд хамтран оролцдог хил дамнасан зохион байгуулалттай бүлэглэл бий болсон талаар ХХЕГ-ын эх сурвалж өгүүлсэн юм.
Юутай ч бүлэг хүмүүсийг Замын-Үүдэд ажиллаж буй тагнуулынхан болон бусад хууль хяналтын байгууллагын ажилтнууд хамтран шалгаж байгаа юм байна. Энэ талаар тагнуулын байгууллагын албаны хүнээс тодруулахыг хүссэн боловч ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ орон нутгийн хил, гаалийн ажилтнууд бидэнд энэ мэдээллийг баталлаа. Тэд “Хил, гаалийн хяналт шалгалтыг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд энэ гэмт хэргийг илрүүлсэн. Уг хэрэгт Монгол, Хятадын 4-5 иргэн холбогдон шалгуулж байгаа.
Сэжигтнүүд БНХАУ руу найман кг алт гаргах гэж байгаад баригдсан. Одоо тагнуулынхан тэднийг цагдан хорьж, шалгаж байна” гэв. Сэжигтнүүд хоёр удаа гийн үйлдлээр ийм хэмжээний алт гаргахыг завдсан бөгөөд зах зээлийн ханшаар тооцвол 476 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх юм байна. Өдгөө тэднээс хурааж авсан алтыг шүүхийн шийдвэр гартал Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулаад байгаа аж.
Хил, гаалийнхны өгүүлж буйгаар хилээр их хэмжээний алт нууж гаргадаг, гаргахыг оролддог явдал нь Монголбанкинд алт тушаахад 10 хувийн татвар авдагтай холбоотой гэнэ. Тэдний ярьж буйгаар “УИХаас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн албан татвар буюу 68 хувийн татварыг хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг зогсохгүй байгаа нь Монголбанкинд алт тушаахад 10 хувийн татвар авдагтай холбоотой байх” гэв.
Г.ЦОЛМОН