Чингэлтэй дүүргийн IV хороонд байрладаг “Дреам” зочид буудалд хүмүүс нууцаар мөрийтэй тоглоом тоглож байсныг цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Тус зочид буудалд мөрийтэй тоглодог гэсэн мэдээллийг цагдаа нар өнг өрсөн лхагва гаригийн 22.35 цагийн үед авчээ.
Улмаар зочид буудалд очиж шалгахад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хадан тохой” компанийн захирал Чин Ён Зай хэдэн хүний хамт тоглож байжээ. Тэрбээр уг буудлын 40 тоот өрөөг түрээсэлж амьдардаг гэж цагдаагийн эх сурвалж мэдээлэв.
Тус зочид буудлынхантай уулзаж, хэзээнээс өрөө түрээслэн амьдрах болсон талаар лавлахад “Өчигдөр л (уржигдар) нэг өрөө авч орсон. Түүнтэй хамт хятад, монгол хүмүүс орж ирсэн байсан” гэв. “Хадан тохой” компани нь манай улсад уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан юм байна.
Г.РАВЖАА