Нүүрсний нөөцөөрөө Хятадад дээгүүр байр эзэлдэг Өвөр Монголд сүүлийн жилүүдэд хятадууд суурьших нь ихэссэн билээ. Байгалийн баялгийг нь ухан, газрыг нь сэндийлж, нүүрс зөөж буй ачааны машинууд малын бэлчээрийг сүйтгэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэн, эрх баригчдадаа хандаж байжээ. Тэд хятад уурхайчдын замыг хааж, суулт хийсэн байна.
Өвөр Монголын Үзэмчин хошууны малчин Мэргэн гэх залууг энэ үеэр хятад жолооч дайрч, амь насыг нь хөнөөсөн аж. Энэ явдлын дараа уурхайн удирдлага, орон нутгийн захиргаа талийгаач Мэргэний гэр бүлд мөнгө өгөөд, хятад жолоочийн эсрэг гомдол гаргахгүй байхыг хүссэн байна. Тэр бүү хэл малчдыг үймээн гаргахаас болгоомжилж олон нийтийн газарт харуул, хамгаалалтыг чангатгасан гэнэ. Үүнтэй холбогдуулан тус хошууны гурван сумын иргэд энэ сарын 23-ны өглөө эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээс үзэхэд энэ үймээний үеэр гурван малчин, нэг оюутныг цагдаа нар зодож, дараа нь баривчилсан гэнэ. Энэ дөрвөн хүний хаана байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байгаа аж. Үзэмчин хошууныхан энэ сарын 30-нд Хөх хотын төвд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулах тухай зарлалыг интернэтээр цацжээ. “Малчдын эрхийг хамгаалах өдөр” нэртэй энэ жагсаалын үеэр Мэргэний амийг хөнөөсөн жолоочийг шийтгэхийг эрх баригчдаас хүсэх гэнэ.
Х.ОДОНЧИМЭГ