Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар УУХҮ-ийн сайнд Г.Ёндон шатахууны хомстолтой холбоотой асуудлыг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан шатахууны хомстол үүсэхэд нөлөөлсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэгджээ.
Г.Ёндон "БНХАУ, ОХУ-аас 10-р сар хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй талаар бид өмнө мэдээлсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эл асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцлаа. Тодруулбал, ГХЯ, ЗТХЯ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзаж, ярилцсан. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэрийн удирдлагуудтай ярилцаж, вагон тавьж, шатахуун ачуулахаар болсон. Энгийн үед Хөх хотоос Улаанбаатар луу шатахуун тээвэрлэхэд 14 хоног болдог. Тиймээс бид ЗТХЯ, ГХЯ-тай зөвшилцөж, хил гаалийн шалгалт хийхгүй, өртөөнд саатуулахгүйгээр 5-6 хоногийн дотор шатахуун авчрахаар боллоо" гэв.