“Гацуурт” компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирлыг хүний амь нас хөнөөсөн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс баривчилжээ. Тус аймаг дахь салбарын захирал Б.Алтанбаганыг өнгөрсөн сарын 18-нд Баянзүрх дүүргийн Шар хадны орчимд жолооч Б-гээ зодож хүнд гэмтээсэн хэрэгт буруутгаж буй аж.
Хохирогчийг тухайн үед ГССҮТ-д хүргэж, эмчилгээ хийж эхэлсэн ч өнгөрсөн бямба гаригт амиа алджээ. ГССҮТийн эх сурвалж “Талийгаач зодуулсны улмаас дотор эрхтэн нь хүнд гэмтсэн. Бүдүүн гэдэс нь тасарсан гэсэн оноштой манайд эмчлүүлж байсан” гэлээ.
Б.Алтанбаганыг Дархан-Уул аймгаас саатуулан нийслэлд авчирчээ. “Гацуурт” компани Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг ч хариуцсан салбар нь Дархан-Уулд байрладаг юм байна.
Г.РАВЖАА