Үйл ажиллагаагаараа дэлхийд танигдсан “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюутолгой” төсөл хэрэгжүүлээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд ажиллагсад нь хоолонд хордож, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа алдагдсанаас хүний амь нас хохирсон хэрэг удаа дараа гарсан. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст тус компанид ажиллаж байсан хоёр хүн цооногт унаад, живчихлээ гэсэн мэдээлэл ирсэн тухай өмнөх дугаартаа бид мэдээлсэн.
Чухам юу болсныг тодруулахаар тус компанийн ажилчин Х-тэй холбогдоход “Талийгаач хоёр залуу 26 настай байсан юм билээ. Халтираад цооногт унасан гэсэн. Тухайн осол гарсан газар руу хүн ойртуулахгүй байгаа. Ил харагдах зүйл байдаггүй юм. Газар ухаж суулгасан бохирын сав байдаг юм гэсэн. Яг ямаршуухан цооног байдгийг сайн мэдэхгүй” гэв. Цооног гэдэг нь ямар хэмжээтэй, хэдэн метрийн гүн, хөдөлмөр хамгаалллын аюулгүй ажиллагааг хэр хангасан байдаг талаар бид эргэн сурвалжиллаа. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач хоёр залуу “Оюутолгой” ХХК-ийн бохир цэвэрлэх гэрээт компанид ажилд ороод хоёр жил гаруй болж байсан аж. Тэдний ажиллаж байсан цооног нь тухайн компанийн ажилчдын бохирыг зайлуулдаг хэсэг юм байна.
Нэг метрийн диаметртэй, 3-4 метрийн гүн бохирын цоонгийг цэвэрлэхдээ зориулалтын шахуурга ашигладаг аж. Өмнө нь олон удаа цэвэрлэж байсан туршлагатай ажилчид юм байна. “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийл өгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей гадаадад томилолтоор ажиллаж байсан ч осол болсныг дуулаад Өмнөговь аймагт ирээд байгаа. Тэрбээр ирсэн даруйдаа тус компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Чухам юу болсон, яагаад үйл ажиллагаагаа зогсоосныг “Оюутолгой” компанийн хэвлэлийн төлөөлөгч П.Баярмагнайгаас тодрууллаа.
-Танай компани ажлаа зогсоож байгаагаас харахад маш ноцтой осол гарчээ. Чухам юу болсон талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
-“Оюутолгой” ХХК үйл ажиллагаагаа зогсоогоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Яагаад ийм осол гарав, юунаас болов гэдгийг мэргэжлийн байгууллагынхан шалгаж байгаа. Тэд шалтгааныг тогтоох байх.
-Олон улсын аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүд ирж байгаа гэсэн. Танай компани болон тухайн аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах баг ажиллах боломжгүй байсан юм уу?
-“Рио Тинто” дэлхийд танигдсан, том компани. Тус компанийн үйл ажиллагаа явуулж буй газарт хоёр хүн осолдоод байхад анхаарал хандуулах учиртай. Тиймээс ч “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” , “Флюр” компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг маргааш (өнөөдөр) ирж, ослын шалтгааныг тогтооход дэмжлэг үзүүлнэ гэв.
Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Ц.Отгонбат “Мэдээлэл ирсэн даруй манай аймгийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийнхнаас бүрдсэн Ажлын хэсэг хэргийн газар ажилласан. Ажлын хэсэг өчигдөр ирсэн. Шаардлагатай баримтаа бүрдүүлж, шалгах ажлыг эхлүүлсэн. Шинжилгээний хариу гараагүй болохоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Х.ОЮУНСҮРЭН