Байлдааны, сөнөөгч “МИГ-21” онгоцны эд анги, их биеийг Налайх дахь “Метал опт” компанийн хашаанд хэдэн хэсэг хуваан худалдахаар аваачсан талаар бид өмнө нь мэдээлж байсан юм. Тэдгээр онгоцууд бүгд хөдөлгүүргүй байсан. Онгоцыг БХЯ, ЗХЖШын холбогдох албаныхны шийдвэрээр устгах болсон гэж дээрх хоёр газрын албаны хүмүүс тайлбарлаж буй. Гэвч эдгээр онгоцыг хэзээ, хэний шийдвэрээр, хэн ямар журмаар устгах болсон талаар ам ангайхыг хүсэхгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй эдгээр онгоцны хөдөлгүүрүүд хэрхсэн нь ч тодорхойгүй байна. Сөнөөгч, бөмбөгдөгч “МИГ-21”-ийн хөдөлгүүр зарах гэж байсан тохиолдлыг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байсан тухай баримт бидэнд олдлоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б хашаандаа төмөр чингэлэгт хадгалж байсан уг онгоцнуудын хөдөлгүүрийг борлуулахаар сонирхсон хүмүүст үзүүлж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр иргэн Б нь Р11Ф2С300 маркийн “МИГ-21” ПФМ онгоцны хөдөлгүүр хууль бусаар хадгалж байсан аж.
Түүнийг нь гадаадынхан голдуу сонирхож байсан гэх мэдээлэл ч байна. Энэ талаар ЭЦГ-ын холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Шалгаж байсан нь үнэн. Гэхдээ хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад чимээгүй болсон. Ер нь Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын ажилтнууд иргэдэд байлдааны зориулалттай техникийн эд анги, галт зэвсэг, сум хэрэгсэл зарж борлуулдаг тохиолдол байдаг” гэсэн юм. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн албаны хүнээс тодруулахад “Зэвсэглэл, техникийн бүртгэл, устгалтын асуудал улсын нууцад хамаардаг” гээд ЗХЖШ-ынхан өөрсдийгөө хаацайлаад өнгөрдөг шүү дээ. Энэ асуудал ч тийм байдлаар дууссан” гэв.
“МИГ-21” сөнөөгч, бөмбөгдөгч онгоцтой холбоотой асуудлыг ийнхүү судалж байхад бидэнд өөр нэгэн эх сурвалж нэлээд ноцтой мэдээлэл өгсөн юм. Тухайн эх сурвалж өөрөө энэ асуудлыг нүдээрээ үзсэн гэв. Тэрбээр “Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэх, буух талбайд одоогоос 1-2 жилийн өмнө цэргийн ачаа тээврийн зориулалттай нисэх онгоц буусан юм. Очиж учрыг нь лавлахад тэнд хадгалагдаж байсан нислэгийн цаг нь дууссан “МИ-24” загварын байлдааны зориулалттай онгоцыг задалж ачиж байсан. Учрыг лавлахад гуравдагч орон буюу Ойрхи Дорнодын аль нэгэн улсад худалдахаар өгч байгаа гэсэн. Уг нь тэр онгоцууд бараг шинээрээ, 400-800 цагийн нислэг л хийсэн. Хэдэн сальникыг нь солиод, дахиж нислэгт гаргах боломжтой онгоц байсан” хэмээн ярьсан юм.