“Оюутолгой” ХХК-д ажиллаж байсан 26 настай хоёр залуу энэ сарын 19-нд харам салтайгаар амиа алдлаа. Осолд өртсөн залуус Монголын нэгэн гэрээт компанид ажилладаг байжээ. Тэднийг ариутгалын саванд суурилуулсан усны татуургыг засаж байтал осол гарсан гэнэ.
Чухам ямар шалтгааны улмаас осол гарсныг “Оюу толгой” ХХК-ийн Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтсийн дэд дарга П.Баярмагнайгаас лавлахад ”Одоогоор шалтгааныг нь бүрэн тодруулаагүй. Яагаад ийм осол гарсныг тогтоохоор “Рио Тинто”, “Флюр” болон “Оюутолгой”-н мэргэжилтнүүдээс бүрдсэн, гадаадаас ирсэн баг Оюутолгойд очоод байна.
Энэ ослыг манай компанийн хүн бүр гашуудан хүлээн авч байна. Талийгаач нарын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн юм. Өчигдрөөс төслийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, бүх ажилтан ажиллагсад, гэрээт байгууллагуудад ослын талаар мэдээлж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгчээ. “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рей гадаадад хийж буй албан томилолтоо цуцалж, өнөөдөр төслийн талбайдаа эргэн ирэхээр болсон байна.
О.Намчин