Ди-жей O.G буюу О.Ганболд хар тамхины хэргээр ял эдлэн суллагдаад ганц жил ч бололгүй дахиад ийм хэрэгт хол богдлоо. Тэрбээр Мөнхбаяр гэдэг залуутай хамт уржигдар БНХАУ-аас Замын-Үүдийн гаалиар орж ирэхдээ биедээ канна бисын төрлийн тетрохетроканнабил гэдэг мансууруулах бодис 0.6 граммыг авч яваад баригдлаа. Тэрбээр уг бодисоо тамхины хайрцагт нуусан байжээ. Урд хөршөөс түүнийг мансууруулах бодис аваад буцсан тухай мэдээлэл авсан цагдаа, тагнуулын ажилтнууд, гаалийнханд урьдчилан мэдэгдэж, Замын-Үүдийн боомт дээр тоссон байна.
Гаалийн байцаагчийг О.Ганболд, Мөнхбаяр нарын биед үзлэг хийхэд мансууруулах бодис ди-жей О.G-гийн халааснаас гарсан аж. “Уг бодисыг Замын-Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэдэг бодис болохыг тогтоосон. Энэ нь хүний биед донтолт үүсгэдэг, баримлын шавар шиг зунгааралдсан эд. ГЕГ-аас Замын-Үүд, Дорнод зэрэг дөрвөн газарт шинээр лаборатори суурилуулсан. Үүний үр дүн гарч, илрүүлсэн бодисоо Улаанбаатар руу шинжлүүлэлгүй, юу болохыг нь тэр дор нь тогтоодог боллоо” гэж ГЕГ-ын ажилтан ярилаа. “Тетрохетроканнабилийг мансуурагчид өргөн хэрэглэдэг.
Өмнө нь тийм бодис илрүүлж байсан. Металл цаасан дээр тавьж, дороос нь халаан үнэрлэдэг” хэмээн цагдаагийн байгууллагын эх сурвалж өгүүлэв. Монголын рок, поп дуучид 2006 оноос хар тамхины хэрэгт холбогдон 2007 оноос шүүх тэдэнд ял оноож эхэлсэн. Нэгэн үе залуусыг хуйлруулж явсан “Айстоп” хамтлагийн дуучин Манлай, Коби, мөн ди-жей О.Ганболд, “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат нарын 13 залууд шүүх зургаан сараас 11 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноосон.
О.Ганболд найман жил хорих ял авсан ч гурван жилийг нь биеэр эдлээд байхад Ерөнхийлөгч өршөөн хэлтрүүлснээр суллагдсан юм. 30 шүргэж яваа энэ залуу өмнө нь Бээжинд байхдаа Б.Рагчаабазар гэдэг хүний захиасаар хар арьст залуутай уулзаж, түүнээс мансууруулах бодис авч байсан. Б.Рагчаабазар хар тамхи авах мөнгөө БНХАУ руу банкаар О.Ганболдод гуйвуулсныг цагдаа нар Б.Рагчаабазарын гарын үсэгтэй баримтаар нотолсон юм. Тэрбээр шүүхэд “Б.Рагчаабазар ХААН банкаар 2000 юань гуйвуулсныг авч, үүгээр нь хар арьст залуугаас мансууруулах бодис авсан” гэж мэдүүлж байжээ. Түүнийг Монгол, Хятад улсын хооронд олон удаа зорчсоныг Хил хамгаалах ерөнхий газраас нотолжээ.
Х.ЭРХЭМ