Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргалаа. Тодорхой хэлбэл, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол баталсан байна. Тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо. Харин хотын дарга Д.Сумъяабазар 97 тэрбумаар боссон Яармаг дахь шинэ байр луу нүүхгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Улмаар тус байрны нэг жигүүрт инновацийн төв байгуулж, стартап болон IT компаниудыг оруулсан билээ.