Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга нар цахимаар "уулзлаа". Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, хоёр талын худалдаа, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал солилцов. Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ. Үүний тулд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллах аж.
Шадар сайд С.Амарсайхан Монголын талаас хилийн боомтын бүс нутгуудын халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээг танилцуулж, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтоор нэвтэрч буй нүүрсний машины тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, нүүрсний чингэлэг тээврийн журмыг ойрын үед тохиролцож, тээвэрлэлтийг эхлүүлэх санал дэвшүүлсэн. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлгийн бөөгнөрлийг шийдвэрлэх, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх санал гаргасныг Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао анхааралдаа авч, холбогдох байгууллагууддаа шуурхай уламжлахаа илэрхийлэв.