Нийтийн эрх ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчид ажиллаж байна. Эл ажлыг хариуцсан буюу Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр (2021.09.02) анхны хурлаа хийв. Хуралд хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, дэд ахлагч тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр болон Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо, Транспэрэнси интернэшнл ТББ зэрэг төр, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн дэд ахлагч тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслийн талаар танилцуулга, мэдээллийг өгч, ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцлоо.
1970-аад оны эхэн үед Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ralf Nader нь "шүгэл үлээгч" гэх үгийн утгыг "нууц мэдээлэгч", "матаач" гэсэн утгаас тэс өөр ялгаатайгаар ашигладаг гэдгийг гаргаж тавьсан. Орчин цагт "Шүгэл үлээгч" гэдэгт байгууллагын дотоодод болж байгаа хууль бус үйлдлээс гадна улс орны хэмжээнд, дэлхий нийтийн түвшинд болж байгаа зүй бус үйлдэл, тухайлбал, нийтийн эрх ашигт шууд харшилсан, хууль, дүрэм зөрчсөн, авлига, луйвар зэргийг баримт нотолгоотойгоор нийтэд дэлгэхийг ойлгодог.