Сүүлийн 24 цагт 17 947 иргэнээс сорьц авч шинжлэхэд, шинээр 3 805 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Халдвартай иргэдийн 912 нь хотод, 2893 нь хөдөө бүртгэгджээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 221 351 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд 2,570 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь, коронавируст халдварын улмаас өчигдөр 41-80 насны дөрвөн хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 948 хүн эндээд байна.
Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15 136 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20 714 хүн гэртээ Өрхийн эмчийн хяналт дор эмчлүүлж байгаа аж.
Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед хичээлийн эхэлсэн тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг ЭМЯ-наас уриалж байна. ЭМЯ-наас нийт хүн амын 64.5 хувийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтын II тунд хамруулсан ч "Ковид-19"-ын дельта хувилбараар өвчилж, хүндрэл өгсөн хүний тоо өссөөр байгаа юм.