Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн жил Монголд урьд өмнө гарч байгаагүй нэгэн хэрэг илрүүлсэн юм. Тэр нь АНУ-ын “Вейвс парго” банкны харилцах дансны картыг хуурамчаар үйлдэн, 10 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэг байв. Монголбанктай харилцдаг тус банкны үйлчлүүлэгчид картнаас нь их хэмжээний мөнгө алдагдаж байгаа талаар хууль хяналтын байгууллагынханд мэдэгдсэнээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мөрдөн шалгаж эхэлсэн юм.
Гэмт хэрэгтнийг гүйцэтгэх албаныхан сарын дотор илрүүлсэн. Энэ хэргийг ШУТИС-ийн оюутнууд үйлдсэн болох нь тогтоогдов. Хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус мэдлэг чадвараа буруу зүйлд ашигласнаа хүлээжээ. Тэд гэмт хэрэг үйлдэхдээ карт хийх хамгийн хямд төхөөрөмжийг БНХАУ-аас худалдан авчирсан аж. Олон тооны карт хуурамчаар үйлдсэн тэд гэнэт их хэмжээний мөнгө авч болохгүй гэдгээ мэдэж байсан учир барж бус, мэрж идсээр 10 гаруй сая төгрөг хэрэглэснээ ч мэдээгүй гэдгээ мөрдөн байцаах явцад мэдүүлж байсан юм.
Тэд картнаас авсан мөнгөөрөө наргиж цэнгэж, брэнд бараа бүтээгдэхүүн авснаа цагдаагийнханд хүлээлгэн өгсөн юм. Эрүүгийн хэрэгт татагдсан найман залуу 22-25 насныхан бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа мэдүүлсэн нь ялыг хөнгөрүүлэх нэг үндэслэл болжээ. Тэдний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлж, карт гардан үйлдсэн залууд л зэм хүртээсэн бололтой. Бусад нь хохирлоо барагдуулж Өршөөлийн хуульд хамрагдсан аж.
Х.СҮРЭН