Коронавирус хөлдөөсөн хүнсний уутаар зөөвөрлөгдөн Ухань хотод ирсэн байх магадлалтай гэсэн таамгыг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Энэ талаар “Global Times” сонин мэдээлэв.
"Хятад улс 2020 оны дөрөвдүгээр сард коронавирусийн эрт үеийн дэгдэлтийг тогтоон барьсны дараа Бээжин болон Далянь хотуудад зун халдварын дэгдэлтүүд ажиглагдсан юм. Бид тархварын судалгаа хийхэд вирус хөргүүрт тээврээр дамжин өөр улс орон, бүс нутгаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдсон" гэж тус төвийн төлөөлөгч Ма Хуэйлай мэдэгджээ.
Үүнтэй төстэй таамаглалыг Ухань хотод очсон ДЭМБ -ын мэргэжилтнүүд ч хийжээ. Тэдгээр мэргэжилтнүүд гуравдугаар сард нийтэлсэн тайландаа вирус хөлдөөсөн хоол хүнсээр дамжин гарсанг "байх болох" хувилбарыг нэрлэсэн байна.
Гэсэн хэдий ч шинжээчид шинэ төрлийн коронавирусийг сарьсан багваахайгаас өөр амьтнаар дамжин хүнд халдварласан гэсэн өөр нэг хувилбарыг тэргүүлэх чиглэлээ болгосон юм. ДЭМБ -ын төлөөлөгчид лабораториос вирус алдагдсаныг магадлал багатай гэж үзсэн.
Үүний зэрэгцээ АНУ -ын тагнуулын алба өөрсдийн хувилбарыг дэвшүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний тагнуулын алба коронавирусийн гарал үүслийн талаар Ерөнхийлөгч Жо Байденд өгсөн тайлангийн нууцын ангилалгүй хэсгүүдийг олон нийтэд дэлгэжээ. АНУ-ын холбогдох байгууллагууд эл халдварыг биологийн зэвсэг болгон бүтээгээгүй гэдэгтэй санал нэгдсэн байна.
Гэхдээ мөрдөн шалгах багийн гишүүд нэгдсэн саналд хүрч чадаагүй юм. Боломжит хувилбараар халдвар авсан амьтантай жирийн замаар хавьтсан эсвэл лабораторид ямар нэгэн зүйл тохиолдсон гэж заажээ.
Хятад улс энэхүү тайлангийн талаар Вашингтонд хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд НҮБ-ын дэргэдэх тус улсын байнгын төлөөлөгч Чэнь Сюй коронавирусийн үүслийг тогтоохын тулд Америкийн био лабораториудыг шалгах хүсэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад гаргасан юм. Түүний хэлснээр вирусийг зохиомлоор гарган авсан гэж үзэж байгаа бол Америкийн лабораториудыг ч шалгах ёстой хэмээн мэдэгдсэн байна.