Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг секс барааны дэлгүүрийн эздэд эм, эмнэлгийн хэрэгсэл хууль бусаар импортолж хадгалсан, борлуулж, түгээсэн гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Фантазитой” ХХК-ийн “Фантази секс шоп”-ын таван салбарт шалгалт хийжээ. Шалгалтаар дээрх дэлгүүрийнхэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, ямар өвчинд хэрэглэдэг нь тодорхойгүй 271 нэр төрлийн эмийг бэлгийн чалх сайжруулах, сэргээх үйлчилгээтэй хэмээн худалдаж байжээ.
Уг эмүүдийг улсын хилээр хууль бусаар оруулан ирж, ЭМЯ-наас эм худалдах, түгээх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа иргэдэд худалдаж байсан хэмээн буруутгаж, эд мөрийн баримтаар хураан авсан байна. Мөн “Интимэйт” ХХК-ийн “Интимэйт секс шоп” дэлгүүрийн хоёр салбарт шалгалт хийхэд бас л эм худалдан борлуулах тусгай зөвшөөрөлг үй атлаа Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээг үй, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй 58 нэр төрлийн 200 гаруй эм худалдаж байжээ. Энэ хоёр дэлгүүрийн эзэдтэй холбоотой хэргийг Баянгол болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгах аж. ЭЦГын эх сурвалж “Секс шопоор үйлчлүүлэхдээ зохих байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх, өөрт тань хэрэглэж, борлуулж байгаа тариа, эмийн бүтээгдэхүүн нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, хэрэглэх зөвшөөрөлтэй эсэхийг сайн судалж байх хэрэгтэй” гэж анхаарууллаа.