Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэх замыг Авто тээврийн болон Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран дөрөвдүгээр сарын 21-нээс хааж, “Энержи ресурс”, “Тавантолгой” компанитай гэрээ байгуулан, нүүрс тээвэрлэж буй 42 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед хатуу хучилттай зам тавьж, ашиглалтад оруултал нь зам нээхгүй хэмээн дээрх байгууллагууд хатуухан мэдэгдэж, өмнийн говийн хөрсийг амирлууллаа хэмээн олны талархал хүлээсэн ч одоо энэ шийдвэрээсээ буцаж магадгүй болжээ.
Учир нь “Энержи ресурс” компанийн хүсэлтээр БОАЖЯ, ЭБЭХЯ, МХЕГ, АТГ, ЗЦГ, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтан, зарим сумын Засаг даргаас бүрдсэн Ажлын хэсэг 10-аад хоногийн өмнө Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт хүртэлх 245 км замын засварын ажилтай танилцаад иржээ. Нүүрс экспортлогчдын нийгэмлэг, “Энержи ресурс” компани нийлэн 4.6 сая ам.доллар гаргаж, “Хийморийн их зам”, “Дардан говь” компаниар өөрийнхөө тээвэр хийдэг замыг засуулж дууссан байна. Засахдаа өмнөх шороон замын 30-40 см гүн ховилыг хайргаар дүүргэн, индүүдэж тэгшилсэн аж. Ажлын хэсэг түүнийг шалгаад, гурван шаардлага тавьжээ.
Уг замыг хоёр газарт нэлээд нарийхан тавьсан байсан тул ачааны том машин зөрөх аргагүй гэж үзээд өргөсгөх үүрэг өгсөн. Хоёрт, гурван газрын огцом эргэлт дээр 20-иод метр урт машин багтаж эргэхэд хэцүү, үзэгдэх орчин хязгаарлагдмал тул өөдөөс ирсэн машинтай мөргөлдөх эрсдэлтэй тул огцом эргэлттэй хэсгүүдийг өөрчлөхийг шаарджээ. Гуравт, зам дагуу тэмдэг байрлуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Эдгээр шаардлагыг биелүүлсний дараа Ажлын хэсэг уг замыг нээх, “Энержи ресурс” компани болон эднийхтэй гэрээ байгуулсан 14 компанийн нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлэх эсэхийг хэлэлцэх юм. Харин “Тавантолгой” компани замаа засаагүй аж. Тус компани ядаж Ухаахудагаас төв зам хүртэлх замаа засчихгүй байгааг Ажлын хэсгийнхэн хачирхаж байна. Тэдний коксын үйлдвэр уурхайгаас нь холгүй бий.
“Тавантолгой” компани энэ үйлдвэр рүүгээ нүүрсээ зөөж, тэндээс төв зам хүртэл 10-аад км явдаг. Энэ замуудынхаа алийг нь ч засаагүй байгаа тул уг компанийн нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг сэргээх асуудлыг мөд ярихгүй юм байна. Ажлын хэсгийнхэн “Тавантолгой”-н удирдлагуудыг дуудсан ч ирээгүй гэнэ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга “Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн агаад Ажлын хэсэгт багтжээ. Түүгээр дамжуулан “Тавантолгой” компанийн хатуу чихтэй дарга, захирлуудад зөвлөгөө өгчээ. “Хил хүртэл тавих хатуу хучилттай зам нь наймдугаар сард ашиглалтад орно. Тэр хүртэл зам нээхгүй” хэмээн мэдэгдэж байсан албаныхан яагаад сар ч бололгүй ингэж шийдвэрээсээ буцав гэдэг асуулт гарч ирнэ. Үүнийгээ тэд “Орон нутгийн иргэд, удирдлагууд засмалаа ашиглалтад оруултал нь зам нээхгүй байгаач” гэсэн хүсэлт тавьсан.
Гэхдээ засмал зам тавьж дуустал намар болно. Тэр замыг тавих хөрөнгийг нүүрс экспортолж байж олно. Энэ бүхнийг бодолцож үзээд шороон замаа сайжруулбал тээвэрлэлтээ үргэлжлүүлэхийг зөвшөөрч болох юм гэж шийдсэн” хэмээн тайлбарлав. “Энержи ресурс” шороон замаа сайжруулахын зэрэгцээ засмалаа ч мөн тавьж байгаа аж. Засмал замын ажлыг нь “Говийн зам” компани гүйцэтгэж байгаа агаад шороон замаа сайжруулж дуусахаар тэр ажлыг хийж буй “Хийморийн их зам”, “Дардан говь” компаниар “Говийн зам”-д хүч нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.