Япон улсын төрийн далбаа барьсан бага ангийн бяцхан сурагчид сургуулийнхаа гадна эгнэн жагсчээ. Гадаа шороогоор шуурч, зэврүүн байсан ч хичээлийн саруул, шинэ байртай болж буй хүүхдүүд баяр хөөрөөр дүүрэн байлаа. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 12 сургууль барьж буйн эхнийх нь Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуулийн өргөтг өл юм. Хичээлийн дөрвөн давхар энэ байр найман анги, 320 хүүхдийн багтаамжтай.
ЖАЙКА-гийн “Өвсний үндэс” төслийн “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн гуравдугаар шатны хүрээнд уг байрыг 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьжээ.
Японы орчин үеийн дунд сургуулийн байрны стандартаар барьсан шинэ сургуультайгаа танилцах гэж хүүхдүүд тэсэн ядан хүлээнэ. Хэдийгээр эх оронд нь гамшиг тохиолдсон ч Японы ард түмэн манай улсад тусламжийн гараа сунгасаар байгаа. Уг төслийн эхний хоёр шатны хүрээнд япончууд нийслэл болон Дархан-Уул, Орхон аймагт нийт 43 сургууль барьж өгсөн. Харин төслийн гуравдугаар шатанд нийт 33 сая ам.доллараар 2013 он гэхэд 12 сургууль барьж, хүүхдүүдэд бэлэглэх гэнэ. Үүний тав нь шинэ сургууль, долоо нь өргөтгөл байх аж.
Тухайлбал, нийслэлийн 30, 79, 19, 12 дугаар дунд сургуулийн өргөтгөл, Яармагийн шинэ сургуулийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Үлдсэн хугацаанд Хужирбулан, Тахилтын ам, 361-ийн гарам, Баянголын аманд шинэ сургууль, 52 дугаар сургууль, “Амгалан” цогцолборт өргөтг өл барьж өгөх юм. Ингэснээр дунд сургуулийн 2200 сурагч бусадтайгаа шахцалдахгүй болно.
35 дугаар сургуулийн өргөтгөлд тус сургуулийн 1-5 дугаар ангийн 16 бүлэг хичээллэнэ. Хуучин сургуулийнх нь ачаалал багасаж, бүх анги хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдсэнд багш нар ч баяртай байв. Тус сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Ц.Мягмарсүрэн “Сургуулийн шинэ байранд орж байгаадаа их баяртай байна. Манай хуучин сургуулийн ширээн дээр дүүрэн юм сарааччихсан муухай.
Бас хувцасны өлгүүр байдаггүй. Харин шинэ байр үнэхээр гоё. Ширээ сандал, анги, самбар гээд бүх юм нь шинэ. Шинэ сургуульдаа гутлаа тайлж ордог. Ийм гоё сургуультай болгож өгсөн япон ах, эгч нартаа баярлалаа” хэмээсэн.
Р.Оюунцэцэг