Өчигдөр “Иргэдийн шударга шүүх”, Улс төр менежментийн холбоо, Чингисийн монголын залуучуудын холбоо зэрэг долоон ТББ-ын төлөөлөл болон иргэд Английн элчин сайдын яамны үүдэнд жагсаж, мэдэгдэл хүргүүллээ.
Учир нь Европын холбооны улсын баривчлах захирамжийн дагуу өнгөрөгч оны есдүгээр сарын 17-ны өдөр Английн Хитроу нисэх онгоцны буудлаас саатуулагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох юм байна. Тиймээс дээрх байгууллагын төлөөлөгчид Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг баривчлан саатуулсан Англи улсын Засгийн газрын үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа энэхүү “Мэдэгдэл”- ээр дахин илэрхийлжээ. Дахин гэсний учир нь тэд мөн 2011 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Монгол дахь Англи Улсын Элчин сайдын яаманд шаардлага хүргүүлж байсан билээ.
Мэдэгдэлд: Б.Хурцыг хууль бусаар баривчлан саатуулсан өдрөөс хойш үйл явдлыг тэвчээртэйгээр ажиглаж байгаа хэдий ч Монгол улсын өндөр албан тушаалтны дипломат эрх ямбыг үл хүндэтгэн баривчилсан нь Англи улс Монгол улс, төрт ёсыг басамжлан дорд үзсэн үйлдэл хэмээн үзэж байгаа болон Англи улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан ноён Уильям Эндрю Диксон нь Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны даргыг буюу өөрөөр хэлбэл монгол улсын нууц тээгч хүнийг урхидан Англид аваачиж баривчлуулсан үйлдэл нь хүн хулгайлах гэмт хэрэгтэй адил тул Монгол Улсын Засгийн газраас ноён Уильям Эндрю Диксонд эрүүгийн хэрэг үүсгэн интерполоор хайлган, баривчлуулах хүртэл тэмцэх болно.
Шударгаар шийдэгдэхгүй өнөөг хүрсэн энэ асуудлаар цаашид тэвчээр хүлээцтэй ажиглаад байх бус, үл эвлэрэн тэмцэх болно хэмээн дурджээ. Дашрамд дуулгахад Элчин сайдын яамны гаднах талбайд цугласан олон нийт" Б.Хурцыг сулла", " Хөрөнгийн биржээ англичуудад өгөхгүй" гэсэн лоозон барьж хэсэг хугацааны туршид "Б.Хурцыг сулла" гэж дуу нэгтэй хашгирч, өндөг, улаан лооль шидэж байсан бөгөөд жагсагчид уг хэргийг төрийн хэрэг гэхээсээ илүү Монгол хүний үнэ цэнэ тэр ч байтугай улсын тусгаар тогтнолд нөлөөлж болох ноцтой асуудал хэмээн үзэж байгаа аж.
Н.ОЮУН