Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг Лондоны давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэх гэж байна. Шүүх хуралд хэн оролцох, хэдэн цагт эхлэхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодруулахад “Шүүх хуралд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор нар оролцоно.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг оролцуулахаар ярилцаж байгаа. Цагийн зө рүүгээр тооцохоор орой шүүх хурал болох байх. Товлосон цаг хэлээгүй байгаа. Бид давж заалдах шатны шүүх хурлын талаар шуурхай мэдээлэл өгөх болно” гэв. Анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасныг Монгол Улсаас томилогдсон Ажлын хэсэг, өмгөөлөгч нар нь эсэргүүцсэн юм.
Х.ОЮУН