“Улаанбаатар таймс” сонины өмч хувьчлалын асуудлаас болж тус сонины ерөнхий эрхлэгч До.Чулуунбаатарыг өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд цагдан хорьсон. Өчигдөр “Глоб интернэшнл” ТББ-аас энэ талаар мэдээлэл хийж, түүнийг батлан даалтад гаргахыг шаардаж байгаагаа илэрхийлэв.
Түүнийг “2008 онд бусадтай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонинг хувьчилж авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн. НӨҮГ-ыг үрэгдүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна. Цагдан хорьсон сар гаруйн хугацаанд До.Чулуунбаатарын эрүүл мэнд нь мууджээ. Түүнд сэтгэл санааны дарамт учруулан, эргэлт оруулахгүй, батлан даалтад гаргах хүсэлтийг есөн удаа тавьсан ч татгалзсан нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй үйлдэл хэмээн тус байгууллагынхан үзэж байлаа.
Тиймээс “Глоб интернэшнл” ТББ-аас Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав, нийслэлийн прокурор Б.Бат-Орших, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ШШГЕГ-ын дарга М.Ганхүү, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Ганбат нарт мэдэгдэл хүргүүлж байгаа аж.
Уг мэдэгдэлд ”И-ргэн Л.Сэргэлэнтэй байгуулсан гэрээнээс харахад иргэний журмаар шийдвэрлэх маргаан гэдэг нь тодорхой байна. Ийм байтал хүний эрхийг үл ойшоон, хязгаарласнаас үзвэл энэ хэрэг дээрээс захиалгатай, улс төрийн сэдэлттэй гэх болгоомжлол төрүүлж байна. Энэ хэрэгт холбоотой гэх бусад хүнийг гадуур байцааж байгаа хэрнээ До.Чулуунбаатарын үг, үзэл санааг боогдуулж, олон нийтэд хүргэхгүй, иргэний бүх эрхийг нь хааж байна. Тиймээс түүнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгохыг хүсье” гэжээ.
До.Чулуунбаатар нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, МСНЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн юм.
Х.ПАГМАСҮРЭН