Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэгт цөөнгүй гарчээ. Тэдгээр хэргээс АНУ-ын иргэнийг дээрэмдсэн хэрэг илрээгүй байгаа аж. Тус улсын иргэн Эдвинийг энэ сарын 6-ны 22.00 цагийн үед Багшийн хөгжлийн ордны орчим явж байхад нь хоёр залуу толгой руу нь цохиж ухаан алдуулаад эд зүйлийг нь дээрэмдсэн байна. Түүний халаасанд “Blackberry” загварын гар утас, 100 мянган төгрөг, 28 доллар, “Оюутолгой” компанийн ажилтны үнэмлэх, төлбөрийн хоёр карт, АНУ-ын иргэний даатгалын карт байжээ.
Гэмт этгээдүүд түүний өмсөж явсан хүрэм, жинсэн өмд, тэлээ, пүүзийг нь дээрэмдэн авчээ. Улмаар Эдвинийг машинаар авч явж Баянгол дүүргийн XX хорооны нутаг, “Москва” хорооллын урд талын үерийн даланд орхисон гэнэ. Хохирогч шөнө ухаан орж, цагдаагийн байгууллагад хандан гэмт хэргийн талаарх мэдээллийг өгсөн байна. Өдгөө тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Г.РАВЖАА