АНУ-ын Цөмийн аюулгүй байдлыг хариуцсан албаны томоохон албан тушаалтан Монгол Улсад олон улсын цөмийн хог хаягдлыг булшлах төслийн талаар манай эрх баригчидтай тохирсон тухай мэдээ сарын өмнө манай сонинд нийтлэгдэж дуулиан тарьж байсан билээ. Тухайн мэдээний дараа АНУ-ын Төрийн департмент мэдэгдэл гаргаж эл яриаг гаргасан ажилтныхаа өмнөөс уучлалт хүссэн.
Манай улсын Гадаад харилцааны яамныхан ч дээрх мэдээллийг үгүйсгэн, ийм зүйл болоогүй хэмээн няцааж билээ. Тэгвэл энэ яриа дахиад шуугиан тарьж эхэллээ. “Ройтерс”, бас Японы нөлөө бүхий хэвлэл болох “Майничи дэйли” сонин өчигдөр “АНУ болон Японы засаг захиргаа хамтран Монгол Улсад цөмийн хог хаягдлын агуулах барихаар төлөвлөж байна” хэмээн мэдээлсэн байх юм.
Тэдний өгүүлж байгаагаар “Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамигаас өмнө Монголын төлөөлөгчдийг оролцуулан гурван талын хэлэлцээрийг хийсэн” хэмээн Япон улсын Худалдааны яамны албан тушаалтан ярьсан аж. Түүнчлэн тэрбээр Монголын тал цөмийн хог хаягдлыг нутагтаа хүлээн авах сонирхолтой агаад албан ёсоор хүлээн зөвшөөрөх юм бол агуулах барих төслийг шууд хэрэгжүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн гэнэ. “Майничи дэйли” сонинд мэдээлснээр бол АНУ-ын “Женерал Электрик”, Японы “Хитачи”, “Тошива” фирмүүд хамтран цөмийн хог хаягдлын агуулахыг Монголын нутагт барихаар тогтсон юм байх.
“Японы Фүкүшимагийн АЦС-д гарсан осол монголчуудын атомын эрчим хүчний эх үүсвэртай болох хүсэлд саад болж чадахгүй. 2020 гэхэд АЦС-тай болох эрмэлзэлтэй байгаа” хэмээн төрийн өмчит “МонАтом” ХКийн албан тушаалтан ярьсныг мөн иш татжээ. “Ройтерс” болон “Майничи дэйли” ийн барин тавин худал мэдээлэх нь юу л бол. Үнэхээр манай эрх баригчид Монгол эх орныг маань цөмийн хог хаягдлыг агуулах “сав” болгох гэрээ хэлэлцээрийг хийж эхэлсэн юм биш байгаа гэх сэжиг, хар төрөх боллоо.
Анх энэ мэдээлэл гарсны дараа УИХын гишүүн О.Чулуунбат нэгэн сонинд “Яагаад бид бусад улсын цөмийн хог хаягдлыг хүлээж авч болохгүй гэж. Энэ бол байдаг зүйл. Ямар ч аюулгүй. Харин ч бид их мөнгө олох боломжтой” гэх утгатай яриаг эрээ цээргүй, шулуухан өгсөн байсан. Эрх баригчид маань эрхэм гишүүнтэй адил бодолтой явдаг юм биш биз дээ. Юу л болох гээд байна даа.
Ш.АЛТАЙ