Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлд холбогдох сүүлийн үйлдлийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. Өмнө нь энэ төрлийн хэрэгт хоёр ч удаа ял шийтгүүлж, суллагдаад байсан түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Баруун Африкийн гэмт бүлэглэлийнхний олон улсын шуудан илгээмж ашиглан илгээсэн хар тамхийг хүлээн аваад байхад нь гурав дахиа баривчилсан юм. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн, биедээ нууж яваад баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч 2020 онд засрал хүмүүжил олсон гэж үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан байдаг.
Г.Сарангэрэлийн холбогдсон гурав дахь хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм байна. Түүнийг Б.Цэнгүүнбаатар гэх залуутай хамт 139.7 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хадгалсан хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд прокурор тэдэнд Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах бодис худалдах зорилгоор зохион байгуулалттайгаар хилээр нэвтрүүлсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 9-13-нд 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс олны анхаарал татсан нь дээрх юм.
Бэлтгэсэн Г.Равжаа