Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавилаа. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус төвийн 10 давхар барилгыг босгох бөгөөд 700 гаруй хүнийг ажлын байраар хангана гэж тооцжээ. Ирэх онд ашиглалтад оруулах тус төвийг ШУТИС-ийн дэргэдэх Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэргэд байгуулах бөгөөд төслийн нийт өртөг 20 сая ам.доллар аж.
Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд сурталгүй, авлигагүй, цахим засаглал бий болгох Засгийн газрын зорилгын хүрээнд хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт, мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг бэлтгэх шаардлагатай бөгөөд энэ нь үүнд ихээхэн хувь нэмрээ оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ үеэр онцоллоо.
Мөн тэрбээр Монгол Улсад Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах ажил олон жил үргэлжилснийг дурдав. Уг ажлын эхлэлийг 2012 онд тавьсан юм. Улмаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд манай оронд айлчлах үеэр илүү бодитой ярьж эхэлжээ. Хоёр улс хамтран эл төслийг хэрэгжүүлснээр “Цахим Монгол” хөтөлбөрт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа Элчин сайд хэлж байлаа. Мөн тэрбээр цаашид аутсорсинг, харилцаа холбоо, мэдээллийн технологийн гэх мэт 16 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, хамтарч ажиллана гэв.