Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутагт гар аргаар алт олборлож байсан хоёр хүн нурангид дарагджээ. Ослын дуудлагаар онцгой байдлын аврагчид очиж ажилласан байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Пүрэвсамдангаас тодрууллаа.
-Осол хэзээ болов. Нурангид дарагдсан хүний биеийн байдал ямар байна вэ?
-Энэ сарын 5-ны 17.30 цагт манайд дуудлага ирж, аймгийн төвөөс 60 гаруй км зайд орших Ямаан ус гэх газарт очиход хувиараа алт олборлож байсан Ш, Т нар нурангид даруулсан байсан. Манай алба хаагчид зургаан цаг ажиллаж байж, Улаанбаатар хотын харьяат 30 настай эрэгтэй Т-г эсэн мэнд гаргалаа.
Харин Говь-Алтай аймгийн иргэн 30 настай Ш гэдэг залуу нас барсан тул цогцсыг нь гаргаж, цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгөөд байна. Нурангиас гаргасан иргэний биеийн байдал дунд зэрэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
-Гар аргаар алт олборлодог хэчнээн иргэн танай аймагт байдаг юм бэ?
-Нэлээд хэдэн жилийн өмнөөс тэнд иргэд гар аргаар алт олборлодог болсон юм билээ. Тэднийг нарийн тоолсон газар байхгүй учир хэлж мэдэхгүй байна.
С.Заяа