-Мэдээллийн хүртээмж гэж юу вэ. Яагаад үүнийг чухалчлан ярих шаардлагатай вэ?
-Зарим хүн хүртээмж гэхээр төдийлөн ойлгодоггүй. Хүртээмж гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд барилгын, үйлчилгээний, тээврийн хэрэгсэл, зам, мэдээллийн гэх зэргээрээ өөр өөр юм. Тухайлбал, олон нийтэд зориулсан барилга байгууламж нь бүх хүнд хүртээмжтэй байж чаддаг уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэнд саадгүй орж чадах уу гэдэг нь орчны хүртээмжид хамаарна. Үүнтэй адил олон нийтэд хүргэж байгаа төрөл бүрийн мэдээлэл нь бүх хүнд хүрч чадаж байгаа юу гэдэг нь мэдээллийн хүртээмжийн асуудал. Мэдээлэл гаргасан л бол тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулаад бүх хүнд хүртээмжтэй байх ёстой. Хүртээмжтэй орчин нь бүх шатанд мэдээлэл авах, хүргэх бидний оролцоотой шийдвэр гаргах боломжийг олгодог.
-Мэдээллийг бүх хүнд тэгш хүртээмжтэй хүргэх боломж манай улсад хангалттай бүрдсэн үү?
-Харааны бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл авахад цөөнгүй бэрхшээл тулгардаг. Жишээ нь, би компьютер ашигладаг. Энэ нь ердийн компьютер боловч дэлгэцэн дээрх мэдээллийг уншдаг тусгай программтай. Уг программ нь дэлгэцэн дээрх бүх мэдээллийг надад уншиж өгдөг. Гэтэл хүртээмжтэй байх зааврын дагуу бүтээгээгүй платформ, цахим хуудас, аппликэйшн, контент дахь мэдээллийг уг программ таньж унших боломжгүй. Үүнээс шалтгаалан харааны бэрхшээлтэй хүмүүс зарим мэдээллийг авч чаддаггүй. Хэдийгээр дэлгэц уншдаг программ байгаа ч тухайн вэб сайтад агуулагдсан бүх зүйлийг уншиж чадахгүй бол мэдээллийн хүртээмж хязгаарлагдмал л гэсэн үг.
-Хүртээмжийг сайжруулахын тулд уг программыг илүү хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг үү?
-Мэдээллийг хараагүй иргэдэд хүртээмжтэй болгохын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Тэдгээрийн нэг нь компьютерын дэлгэцэн дээрх мэдээллийг монгол хэлээр унших боломжтой программ бүтээх юм. Үүний хүрээнд манай холбооныхон хэд хэдэн туршилт хийсэн. Одоогоор “Мон спич” ХХК-тай хамтран тодорхой хүрээнд ашиглах боломжтой программ хангамжийг бүтээлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд мэргэжлийн томоохон хэмжээний программ бүтээхээр ажиллаж буй.
-Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд бүх шатны боловсролын байгууллага цахимаар үйл ажиллагаа явуулсан. Харааны бэрхшээлтэй оюутан, сурагчид энэ хугацаанд хичээлээ хэрхэн үзсэн бэ?
-Сургуулиудын вэб сайтууд хүртээмжгүй байснаас шалтгаалан хичээлээ үзэж чадахгүй, үзсэн ч даалгавраа багшдаа илгээж чадахгүй байх зэрэг асуудал тулгарсан. Тиймээс бид сургуулиудад вэб сайтаа хөгжүүлэх албан бичиг хүргүүлсэн. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 104 хичээлийг цахим контент хэлбэрээр гаргасан. Үүнтэй холбоотойгоор контент хийж буй хүмүүс бидэнтэй уулзаж, “20 хичээлийг харааны бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэйгээр бэлтгэнэ. Үүнд зөвлөгөө өгнө үү” гэж манай холбооныхноос хүссэн. Ингээд бид нэг сар хамтран ажиллаж, тэдгээр хичээлийн хүртээмжийг сайжруулсан. Гэхдээ яагаад 100 хичээлээс 20 нь л хараагүй хүүхдэд хүртээмжтэй байх ёстой вэ гэдэг асуудлаар БШУЯ-нд хандсан. Хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх ёстой гэдэг ойлголт, хандлага энд дутагдаж байгаа юм.
-Хичээлээ судлахын тулд хүүхдүүд зайлшгүй компьютер ашиглах шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдүүдэд энэ чиглэлээр хангалттай мэдлэг өгч чадаж байгаа юу?
-Хамгийн эхний анхаарах зүйл нь туслах хэрэгсэл, технологиуд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлогт зориулж хөгжүүлсэн зүйлсийг туслах хэрэгслүүд гэдэг. Тухайлбал, хараагүй хүмүүс компьютерын хулгана хэрэглэхгүй, зөвхөн гар ашигладаг. Үүнийг хэрхэн ашиглахыг хараагүй хүмүүст зааж, сургахгүй бол хэрэглэж, үйлчилгээ авч чадахгүй шүү дээ. Улмаар ашиглаж сурсны дараа ямар нэгэн цахим хуудсанд нэвтрэхэд бүх мэдээлэл нь хүртээмжтэй байх ёстой. Твиттер, фэйсбүүкт ороход энэ мэдээллийг үзэхийн тулд үүнийг дараарай гэсэн зураг гарах тохиолдол элбэг. Гэтэл тэр зураг, дүрсийг дэлгэц уншдаг программ таньдаггүй. Тиймээс вэб сайтуудыг дэлгэц уншигч зэрэг туслах программтай хоршиж, дэмжиж ажилладаг байхаар бүтээх ёстой.
-Хараагүй иргэдэд техник, технологи, ялангуяа компьютерын хичээл заадаг багш, мэргэжилтэн манай улсад хангалттай бий юү?
-Олон улсад хүртээмж технологийн мэргэжилтнийг тусгайлан бэлтгэдэг. Жишээ нь, АНУ-д хараагүй хүүхэд нэгдүгээр ангиасаа компьютер ашиглаж сурдаг. Харин манай улсад зургадугаар ангиасаа л компьютерын хичээл үзэж байна. Манай холбооны дэргэд МСҮТ ажилладаг. Уг төвд хүртээмж технологийн мэргэжилтэн бэлтгэх анги бий. Тухайн ангид суралцагчид туслах технологи, вэб сайтын хүртээмж, номыг хүртээмжтэй хэвлэх зэрэг цогц сургалтад хамрагддаг. Цаашлаад үүнийг орон нутагт ч түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлдөг төрийн бус байгууллагуудад маш их чадавх, мэдээлэл, хүний нөөц бий. Тиймээс төр, засгаас энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллавал ихээхэн боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.
-Мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь юу вэ?
-Олон улсын консорциумаас “Web content accessibility guidelines (WCAG) 2.0” гэх удирдамж стандарт гаргаж, бүх вэб сайтыг үүний дагуу бүтээгээрэй гээд аль хэдийн зөвлөчихсөн. Өөрөөр хэлбэл, бүх хүнд зориулсан мэдээллийг хэнийг ч ялгалгүйгээр хүртээмжтэй хүргэх зааварчилгааг дэлхий нийтэд аль хэдийн гаргасан нь энэ. Үүнийг л хэрэгжүүлчихвэл мэдээлэл хүн бүрт хүртээмжтэй болно гэсэн үг. Мэдээллийн хүртээмжийг хуульдаа тусгаж, WCAG 2.0 стандарт мөрддөг улс олон бий. Манай орны тухайд ингэж заасан хууль тогтоомж байхгүй. Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хандаж, WCAG 2.0 стандартыг нэвтрүүлж, заавал дагаж мөрддөг болгох чиглэлээр ажиллаж байгаа.
-Хүртээмжийг сайжруулж, жишиг болсон байгууллага манайд хэр олон байна вэ?
-Ер нь төрийн байгууллагуудын вэб сайтуудын хүртээмж тааруу. Харин тэдгээрээс Сангийн яамны вэб сайд нэлээд хүртээмжтэй. Төр, засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхэд ихээхэн анхаарч байгаа. Тиймээс тун удахгүй вэб сайтын хүртээмжээ сайжруулна гэж найдаж байна. Энэ чиглэлээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран ажиллаж, сургалт, зөвлөгөө авч, байгууллагынхаа сайт, аппликэйшн, контент зэргээ хөгжүүлэх боломжтой
Бэлтгэсэн М.Оч