Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нар хүлээн авч уулзан, “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар “КОВИД”-19 цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж, “КОВИД-19” цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхов. Мөн дельта вирусийн тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, нэн ялангуяа хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний талаар тодруулж, мэдээлэл авсан аж. Японы Халдварт өвчин судлалын үндэсний төв манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд манай ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусийн генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүслээ.
Японы тал тус улсад хэрэглэгдэж байгаа гол эмүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчнүүдэд илүү үр нөлөөтэйг хэлж, цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаа талаараа танилцуулж, дельта вирусын тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгааг танилцуулсан аж.
Сайд Я.Нишимура Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаа гэв. Халдвар хамгааллын дэглэмийн тухайд, Токиод оройны 20 цагаас хойш зоогийн газруудыг ажиллуулахгүй байгаа. PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэн хамруулж, 15 минутад хариу нь гаргадаг түргэвчилсэн оношлуур өргөнөөр ашиглаж буйгаа хэлжээ.