Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг сайд нар танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллийг хүргэе. Тэрбээр "Ипотекийн зээлд 512 тэрбум төгрөг олгосон. Үүний нөлөөгөөр Барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86 мянган хүн ажлын байраа хадгалж үлдлээ. Эхний улиралд манай улсын эдийн засаг 15 хувиар өссөн. 2019 онтой харьцуулахад 3 хувийн өсөлттэй байна. Оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна.
ААНОАТ энэ оны эхний улиралд 886 тэрбум төгрөг байна. 2020 онтой харьцуулахад 57 хувиар өсжээ. НӨАТ мөн л өсөж, 2019 оны буюу ковидын өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин өссөн нь үүнд нөлөөлсөн. АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харвцуулахад 135 хувиар, 2019 оныхтой харьцуулахад 24 хувиар өсжээ. Энэ татвар Ирээдүйн өв сан болон Тогтворжуулалтын сан рүү шилждэг гэдгийг онцлох хэрэгтэй.
Гэвч бидэнд эрсдэл байсаар байна. Замын-Үүдэд гарсан гацааны улмаас нүүрс тээвэр ихээхэн доголдсон. Энэ нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Гашуун Сухайт дахь жолооч нарыг урд хилээр цаашид гаргахгүй. Шинэ терминал барих ажил эхэлсэн. Наадмын амралтаар ч зогсоолгүй үргэлжлүүлж байна. Бусад орнуудын Засгийн газрууд хөрөнгийн зах зээлээ дэмжсээр байна. Мөнгөний нийлүүлэлт олон оронд нэмэгдэв. Эдийн засгийн өсөлттэй хамт инфляц АНУ, Европт ажиглагдаж эхэллээ. Иймд инфляцын эсрэг мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ Төв банкууд мэдээлж эхэллээ. Манай улсад инфляц 7 хувь байна. Төв банк энэ онд инфляцыг 8 хувиас хэтрүүлэхгүй байхаар ажиллаж байна.
Төлбөрин тэнцлийн тухайд эхний улиралд 245 сая ам.долларын эерэг баланстай байна. Сүүлийн арван сарын турш төгрөгийн ханш ам.долларын эсрэг маш тогтвортой байна. Тэгэхээр ханшаар дамжуулан манай инфляцад үзүүлэх сөрөг нөлөө байхгүй. Харин хил дээр ачаа тээврийн механик гацаа үнэд нөлөөлсөн. Манай хоёр хөршид авто замын ачаа тээвэр ихээхэн ачаалалтай байна. Манай улсын нийт ачаа тээврийн 80 хувь нь Замын-Үүдэд ногддог" гэв.