Манай улс жилд 12 сая орчим толгой мал хүнсэнд хэрэглэдгээс дунджаар найман сая ширхэг арьс бэлтгэж буйг (зарим малыг хөлөөр нь экспортлох, зумлах зэргийг хасна) Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооныхон дурдав. Үүнээс зургаан сая нь хонь, ямааных, үлдсэн нь бодынх аж. Боловсруулсан арьс, ширээр бэлэн бүтээгдэхүүн хийдэг дотоодын үйлдвэрүүд түүхий эдийн чанарыг харгалзан, хүчин чадалдаа тулгуурлаж барагцаалбал жилд нэг сая ширхэг арьс, шир худалдан авч буйг дээрх холбоо мэдээлсэн. Мөн Гаалийн ерөнхий газрын тайланд сүүлийн хоёр жилд үхэр, хонь, ямаа, адууны хагас боловсруулсан болон элдэж зөөлрүүлсэн арьс, хуулдас, шеврет зэрэг нийт гурван сая орчим ширхэг бүтээгдэхүүнийг БНХАУ, Итали, Турк руу экспортолсон мэдээ байна. Эндээс тооцоход найман сая ширхэг түүхий эдээс тал нь л мөнгө болжээ. Ялангуяа хонины арьсны үнэ хямд учраас сумдын хогийн цэгт бөөгнөрүүлж хаях нь бий. Энэ талаар Говь-Алтай аймгийн Төгрөг сумын малчин Ж.Цог “1990-2000 онд манай аймгийн Алтай сумын Бургастайн боомтоор арьс, шир, ноолуурыг овоолтол ачсан автомашинууд урд хөрш рүү цувдаг байлаа. Тэр үед л малчид бид малынхаа түүхий эдийг үнэд хүргэдэг байсан мэт санагддаг. Өдгөө улсын бодлого өөрчлөгдөн, боловсруулаагүй түүхий эд экспортлохоо больсон нь нэг талаас зөв боловч нөгөөтээгүүр хог дээрх арьс, нэхий, өлөнгийн хэмжээг нэмэх шалтгаан болсон байх. Үндэсний үйлдвэрүүд хэзээ малын гаралтай түүхий эдийг бүрэн худалдан авч, малчдын орлого илүүтэй өсөхийг бүү мэд” хэмээн ярив. Түүнчлэн Ж.Цогоос малаа өвчлүүлэхгүй адгуулах буюу хачиг, шимэгчээс хэрхэн сэргийлдэг, арьсны гэмтэлгүй зөв муулах талаар ямар технологи баримталдгийг нь асуухад, шаардлагатай бол малдаа эм өгч, тариа тариулдаг гэдгээ хэлсэн.
Манайд арьс, ширийг гүн боловсруулах төдийгүй савхин хувцас, тэлээ, хэтэвч зэрэг бүтээгдэхүүн хийдэг жижиг үйлдвэрүүдийн тоо жил ирэх бүр өсөж, барааны нэр, төрөл нэмэгдсээр байгаа. Гэхдээ 2019 онд 576.9, өнгөрсөн жил 391.1 мянган ам.доллароор үнэлэхүйц савхин эдлэл экспортолсон бол нийт есөн сая “ногоон”-ы үнэтэй боловсруулсан савхи, бусад бүтээгдэхүүн худалдан авчээ. Эндээс харахад түүхий эдийн нөөц арвин боловч бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжил тааруу мэт харагдана. Гэтэл үйлдвэр, цехүүд ялангуяа нэхий боловсруулах тун дургүй гэнэ. Учир нь хонины 80-90 хувь нь шимэгчид идэгдсэн, эрүүл бус арьстай байдгаас боловсруулсан нэхий нь хаягдал ихтэй, үнэлгээ багатай, ашиггүй гэсэн үг. Хэрэв Монголд нэг нэхийг гүн боловсруулбал тал тал тийш 10 см орчим хэмжээ тутамд 350 төгрөгөөр үнэлэхүйц савхи болдог юм байна. Гэтэл импортын савхи 10 шоо см тутамдаа 500 төгрөгөөс дээш үнэтэй байдаг аж. Энэ нь одоогоор өлөнгийн хамт 5000 төгрөгөөр борлуулж буй нэхий тав дахин өндөр үнэд хүрэх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна малын гаралтай түүхий эдээр хийсэн хувцас, эдлэл экспортлоход тулгарч буй өндөр татварын асуудлаар хоёр хөршдөө санал тавьж, аж ахуйн нэгжүүдээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар бодлого боловсруулж, “хөөцөлдөх” хэрэгтэйг цөөнгүй үйлдвэрлэгч хэлсэн юм.
Арьс үнэгүйдэх үндсэн хоёр шалтгаан нь өвчтэй мал, зөв төхөөрөхгүй байх аж. Тухайлбал, хачиг, хувалз нь хонь, ямааны арьсыг цоолж, биед нь шингэн, арьсны дотор талыг шохойжуулж бүтцийг нь өөрчилдөг аж. Ийм шимэгчид 4-5 жил идүүлсэн малын арьс цоорхой, сорвитой, ямар ч хэрэгцээгүй болдог гэнэ. Түүнчлэн 1990 оноос өмнө стандартын шаардлага хангасан махны үйлдвэрүүдэд зөв технологиор хуулсан малын арьс бараг гэмтэлгүй гарч, түүхий эдийн чанарын стандартад нийцдэг байж. Гэтэл өдий хүртэл нийт мал сүрэгт шимэгчийн гаралтай өвчлөл зонхилж, нядалгаанаас шалтгаалсан гэмтэл арьсанд нь үүссэн хэвээр байгаа учраас түүхий эд үнэ цэнгүй, түүгээр хийсэн зарим бараа хангалттай уян биш, чанар муутай болдгийг үйлдвэрлэгчид хэлж байна. “Эм эс гармент” компанийн захирал Ц.Саранцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компани нэхий, арьс, ширээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг. Монголд боловсруулсан түүхий эд ашиглаж байна уу, импортынхыг хэрэглэдэг үү?
-Анх зөвхөн монгол арьсаар үйлдвэрлэл эрхлэх зорилго, уриатай байсан. Гэвч сүүлийн үед хэрэглэгчдийн сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дотоодын болон импортын арьс аль алинаар нь бүтээгдэхүүнээ хийж байгаа.
-Импортын арьсны чанар дотоодынхоос ямар ялгаатай байдаг вэ?
-Хөнгөн, зөөлөн, талбай ашиглалт ихтэй (хонь, ямаа, үхрийн арьсыг хангалттай нимгэлж, тэлсэн) гээд давуу тал их. Ер нь манай хэрэглэгчдийн олонх нь гадаад арьсан хувцас суулт сайтай, чанартай гэсэн ойлголттой. Гэхдээ бид монгол арьсан эдлэлийн хэрэглээг өсгөхөөр “MS leather” брэндээ хөгжүүлж байна.
-Манай улс олон малтай, түүхий эдийн нөөц ихтэй. Гэтэл ялангуяа богийн арьсыг бүрэн ашиглаж чаддаггүйн шалтгаан юу бол?
-Үйлдвэрлэгчид бид амьдын гэмтэл гэж ярьдаг. Тэр нь малын хамуу, хачиг хувалз, гуурын шарх сорви юм. Мөн механик гэмтэл буюу мал нядалгаа, өвчилтийн үед үүссэн зүсэлт, буруу тээвэрлэлт, хадгалалтаас шалтгаалсан гэмтэл, талбай ашиглалтын хэмжээ бага байгаа явдал. Монгол хонины арьсны 80-90, ямааных 30-40 хувь нь ийм гэмтэлтэй хэвээр олон жил өнгөрлөө. Уг нь эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, бэлчээрт өсгөн үржүүлдэг малын арьс тун бөх, ноос нь илчтэй чанарлаг байх нь бий. Гол нь малаа эрүүл, түүхий эдээ “цэвэр” байлгах хэрэгтэй.
-Гэхдээ арьсаар хийсэн бэлэн бүтээгдэхүүний экспорт өсөж, үйлдвэрүүд дадлагажин, чанаржиж байгаа биз дээ. Монголд өндөр чанартай, торгон савхи хийж чадаж байгаа талаарх мэдээлэл цөөнгүй бий.
-Манай улс 1990 оноос өмнө нэгдсэн системтэйгээр одоогийн Европын Холбооны орнууд руу хонины арьсаар хийсэн торгон савхин хувцас хэдэн мянгаар нь экспортолдог байсныг олон нийт мэднэ. Гэтэл өдгөө тийм өндөр хүчин чадалтай үйлдвэр байхгүй гэхэд болно. Шалтгаан нь дээр дурдсанаар түүхий эдийн чанар муу, мөн үйлдвэрүүд их хэмжээгээр бүтээгдэхүүн нийлүүлж чаддаггүйтэй холбоотой. Хоёр хөршдөө бага хэмжээний ч гэсэн бараа худалдъя гэхээр тухайн улсуудын импортын татвар 40-60 хувьтай байдаг. Мөн үйлдвэрүүд хөгжөөд байгаа мэт боловч ерөнхийдөө хүчин чадал багатай, жижиг аж ахуйн нэгжүүд учраас савхин 5000 хувцасны захиалга ирүүлэхэд л нийлүүлж чадахгүй. Цаашид дотоодын үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөхөөс илүүтэйгээр нийлж кластер байгуулж ажиллахгүй бол дорвитой ахиц гарахгүй болов уу гэв.