Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай, эсэхээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргадаг болсон. Гэвч зарим тохиолдолд шүүх хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх сонирхолтой яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авдаггүй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүн хялбаршуулсан журмаар гэм буруугаа шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой юу?
-Юуны өмнө хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг талаар товч тайлбарлах нь зүйтэй байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг хуульчилсан. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгуулж байгаа иргэн хэргийг нь шүүхэд шилжүүлэхээс өмнө хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж болох эрх зүйн зохицуулалттай. Гэхдээ хуулийн энэ заалт нь хорих ялын доод хэмжээг найман жилээс доош хугацаагаар оноохоор заасан гэмт хэрэгт холбогдсон, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буй хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оноохоор заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаснаар тухайн иргэнд оноох ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, эсхүл ял ногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл болдог. Энэ нь эрүүгийн эрх зүй дэх энэрэнгүй ёсны болон ялыг ялгамжтай оноох зарчмын агуулгатай шууд холбоотой хуулийн шинэлэг зохицуулалт юм.
-Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэдэг цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой биз?
-Тийм ээ. Хэргийг шуурхай шийдвэрлэх ач холбогдолтой. Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авсан даруйд хэргийг нь хянаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, эсэхийг тогтооно. Хэрвээ боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна. Мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн хүргүүлсэн үед нь прокурор тэр даруй хянаж 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг. Шүүх тухайн хэргийг шууд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруйд, эсхүл долоо хоногийн дотор ял ногдуулах шүүх хурал зарлан явуулдаг. Эндээс харахад хялбаршуулсан журмаар хэргийг нэг сарын хугацаанд шийдвэрлэх боломжтой байгаа юм.
Дээрх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт хуульчдын дунд маргаан үүсгэдэг байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 10-нд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зарим зүйл хэсгийг шинэчилсэн. Ингэснээр хууль нэг мөр хэрэгжиж байна.
-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаанд прокурор хэрхэн хяналт тавьдаг бол?
-Хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг прокурор хянаад хэд хэдэн зүйлийг нягталж үздэг. Тухайлбал, яллагдагч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үгүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүх хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах нөхцөлийг хангасан, үгүйг голчлон хянана. Мөн хамгийн чухал нэг асуудал нь яллагдагч, түүний өмгөөлөгчтэй оноох ялын талаар тохиролцсоны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, яллагдагчид ногдуулах ялын төрөл, хэмжээ болон ялаас чөлөөлөх, эсхүл ял оноохгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаа яллагдагч, өмгөөлөгчид танилцуулж, зөвшөөрсөн тохиолдолд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ. Шүүх прокурорын гаргасан ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульд тодорхой заасан. Түүнчлэн прокурор хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж болно. Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, мөн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл яллагдагч оноох ялын талаар гаргасан прокурорын саналыг зөвшөөрөөгүй, тохиролцоогүй бол уг шийдвэрийг гаргана.
-Прокурорын байгууллага 2021 онд хэчнээн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бэ?
-Прокурорын байгууллагаас 2020 онд 5117 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Үүнээс шүүх 4678 хэргийг буюу 91.4 хувийг шийдвэрлэсэн. Мөн 2021 оны эхний таван сарын байдлаар 1892 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснээс 1475 буюу 78 хувийг хэлэлцэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оноосон. Өнгөрсөн онд нийслэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газар, орон нутагт Ховд, Дорнод аймгийн Прокурорын газрынхан хамгийн олон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
-Практикт ихэнхдээ ямар төрлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна вэ?
-Эрүүгийн хуульд заасан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг ихэвчлэн хял баршуулсан журмаар шийдвэрлэжээ. Ялангуяа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргүүдийг ихэвчлэн хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлэж байна. Тодруулбал, 2020 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 3286 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хамгийн олон нь. Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 321, 17.1 дүгээр зүйлд заасан эд зүйл хулгайлсан 288, 11.4 дүгээр зүйлийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан 239, 17.5 дугаар зүйлд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завшсан 203, 17.3 дугаар зүйлд заасан бусдыг залилсан 158 хэргийг дээрх журмаар шийдвэрлэсэн нь бусад хэргээс олон байгаа юм.
-Тухайлбал ямар ямар хэргийг ийм байдлаар шийдвэрлүүлсэн бол?
-Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргүүдээс жишээ дурдахад, иргэн Э нь 2020 оны долдугаар сараас 2021 оны хоёрдугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт “Online muushig” гэх нэртэй цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт холбогджээ. Яллагдагч Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.17-1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 000 төгрөгөөр торгох ял тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж, шүүх уг ялыг оноожээ.
Мөн бусдаас хахууль авсан хэргийг ч хялбаршуулж шийдвэрлэсэн тохиолдол нэг бус. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтэст барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б нь иргэн Э-ээс 1.5 сая төгрөгийн хахууль авч, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8, 10.9.10-ыг зөрчин Чингэлтэй дүүргийн I хорооны нутагт байрлах барилгад давхар нэмэх, барилга байгууламжийг өргөтгөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүйгээр хууль бус дүгнэлт гарган давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна. Уг хэргийн яллагдагч хоёр хүнд Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4-4 дэх хэсгийн хахууль авсан, 22.5-1-ийн хахууль өгсөн хэмээн буруутгаж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Тодруулбал, яллагдагч Б, Э нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул прокурор яллагдагч Э-д хорих ял оноохгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх, Б-д нийтийн албан тушаалд томилогдох эрхийг найман жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял тохиролцон шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, шүүх уг ялыг оноосон байна.
-Яллагдагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргадаг. Гэтэл шүүх түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол нэг бус гарсан. Тухайлбал, Д.Сүндий нарт холбогдох хэргийн яллагдагч цагдаагийн хоёр ажилтан ийм хүсэлт гаргасан байдаг. Мөн ЭМЯ-ны албан тушаалтан Н.Чимэдлхам, Б.Цогтбаатар тэргүүтэй хүмүүст хахууль өгсөн хэргийн яллагдагч аж ахуйн нэгжийн удирдлага бас ийм хүсэлт хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх уг хүсэлтийг нь хүлээж аваагүй. Шүүгч яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авахгүй байх эрх зүйн ямар зохицуулалт байна вэ?
-Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-4 дэх хэсэгт заасан зургаан нөхцөл байдлын аль нэгийг хангаагүй байвал шүүх хэргийг прокурорт буцааж болно. Жишээ нь, тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй, эсхүл түүнийг нөхөн төлөхөө илэрхийлээгүй байвал хэргийг буцааж, дутуу мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх заалттай.