Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн “Хад” клубийн ахлах, Азийн хөлбөмбөгийн холбооны Б зэрэглэлийн дасгалжуулагч С.Будыг спортын хүрээлэлд танихгүй хүн ховор. Тэрбээр тамирчин байхааcaa энэ спортод гарын шавь нараа бэлтгэж, олон тэмцээнд сойсон. Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийг 2015 оны долдугаар сард зохион байгуулахад багаараа тэргүүлж, анхны аваргаар шалгарч байв. Тэр цагаас тус клубийнхэн амжилтаа ахиулан насанд хүрэгчдийн УАШТ-д 2015-2017 онд дараалан түрүүлж, аваргын цом гардсан удаатай. Клубийнхээ тамирчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэн урагшлуулж буй түүнтэй ярилцлаа.
-Спортын ихэнх төрлийн тамирчид зун амарч байхад хөлбөмбөгийн талбайд тэмцээн ид өрнөдөг. Ямар тоглолтод шавь нараа оролцуулахаар бэлтгэл хийлгэж байна вэ?
-Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг нэгдүгээр лигт шавь нар минь оролцохоор бэлтгэл хийж байгаа. Өнгөрсөн жил лигийн тэмцээн долдугаар сард эхэлсэн бол энэ удаа цар тахлын улмаас болох эсэх нь тодорхойгүй байна. Дотоодод халдварласан дэгдэлтийн байдлыг харзнаж, тоглолтын товыг зарлах байх.
-Таны удирдлагад “Хад” клубийн тамирчид эмэгтэйчүүдийн лигийн анхны аварга, болж, дараа нь УАШТ-д гурван удаа түрүүлсэн санагдана.
-Тийм ээ, Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хамгийн анхны түүхэн амжилтыг гаргасан нь бидний хувьд гайхалтай мөч байлаа. Багаараа түрүүлж, аваргын цом гардах үед клубийнхээ тамирчдаар их бахархсан. Охидын хөлбөмбөгийн баг байхгүй байхад тус клубийг байгуулж, шавь нараа олон тэмцээнд тоглуулан амжилтаас атгуулсандаа баярладаг. Би 2010 онд МУБИС-ийн биеийн тамирын сургуульд сурдаг оюутан байхдаа хүүхдүүдтэй ажиллаж, багш дасгалжуулагч болох гараагаа эхлүүлсэн. Тэр үед Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн сурагчдад хөлбөмбөг заадаг байв. Өвөл зааланд, хавар сургуулийн гадаах хөлбөмбөгийн талбайд тоглуулна. Энэ сургуулийн хэдэн охин манай багт бий. Манайхан эмэгтэйчүүдийн анхдугаар лигээс гадна 2015-2017 онд зохион байгуулсан УАШТ-д түрүүлж, амжилтаа үргэлжлүүлсэн. Клубийнхээ гол тоглогчдыг Сүхбаатар аймгаас сонгосон. Тус аймгийн дасгалжуулагч Г.Дүгэрсүрэн охид, хөвгүүдийг хөлбөмбөгөөр хичээллүүлж, тамирчнаар бэлтгэдэг байв. Багш минь одоо “Хад” клубийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.
-Багийн тамирчдын амжилт дасгалжуулагчийн ухаан, ур чадвараас ихээхэн шалтгаалдаг. Шавь нараа ямар арга барилаар удирддаг вэ?
-Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хөгжөөд удаагүй байхад Монгол охид энэ спортоор хичээллэн, амжилт гаргаж болдгийг манай клубийн тамирчид харуулсан. Манай багийн давуу тал хөлбөмбөгийн үндсэн техник, багаар тоглох чадварыг сайн эзэмшсэн. Бусад багаас үүгээрээ илүү байгаа нь олон жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийнх нь үр дүн. “Хад” клубийн уриа “Эвийг эрхэмлэнэ”. Багийн спортод гишүүд нь эв нэгдэлтэй, нэг зорилго, тэмүүлэлтэй байх чухал. Энэ клубт охид орж, тоглох дуртай. Тиймээс жилээс жилд хүрээгээ тэлж байна.
-Шавь нар тань хөлбөмбөгөөр хичээллээд амжилт гаргаж болдгийг олон тоглолтод харуулсан. Үүгээрээ үеийнхнийгээ энэ спортод дуртай болоход уриалж байгаа.
-“Хад” клубийн хамгийн ахмад тамирчин Н.Мөнхзаяа 33 настай. Одоо 16 насныхны шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Монголын эмэгтэй хөлбөмбөгчдөөс спортын мастер цол хүртсэн анхны тоглогч. Багаасаа Б.Намуун 2015 онд “Оны шилдэг эмэгтэй тоглогч”-оор шалгарч, “Алтан бөмбөг” гардсан. Энэ шагналд манай клубээс жил бүр нэр дэвшдэг тамирчид бий. Шавь нар минь тоглолт, амжилт, давуу талаараа үеийнхэндээ үлгэр дуурайл болж, тэднийг хөлбөмбөгт уриалан дуудаж байгаа.
-Хөлбөмбөг сэтгэлийг тань эргэж буцахааргүй урвуулсан тэр үеийн дурсамж руу эргээд нэг харъя.
-Багштайгаа анх уулзсан тэр өдөрт үргэлж талархдаг. Надад хөлбөмбөгийн спортын цагаан толгойг заасан хүн бол Г.Дүгэрсүрэн багш. Би Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийг төгссөн. Хүүхэд байхдаа багшийнхаа хөлбөмбөгийн дугуйланд анх хөл тавихдаа “Хөлбөмбөг ямар гоё спорт вэ, бидэнд энэ спортыг зааж байгаа дасгалжуулагчийн ажил яасан сонирхолтой юм бэ” гэж бодож билээ. Тоглолтын талбайд эсрэг багийн хаалганд гоол оруулж, сэтгэлийн таашаал авах, багаараа түрүүлж амжилтаа хуваалцахын сайхныг тамирчин байхдаа мэдэрсэн. Тэр үеэс хөлбөмбөгт өөрийн эрхгүй татагдаж, цаашдаа хувь заяагаа холбох шийдвэр гаргаж байлаа. Би одоо ч энэ спортын гайхамшгийг мэдэрдэг. Шавь нарынхаа гаргасан амжилтыг хараад баярладаг болсон.
-Анхны тэмцээн, медаль тамирчдад мартагдахааргүй дурсамж үлдээдэг дээ.
-Намайг тамирчин байхад 21 аймгийн хооронд зохион байгуулдаг “Үндэсний цом” тэмцээн болдог байлаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь аймгийн шигшээ багийн тамирчид Зүүн бүсэд тоглодог. Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Дорнод аймгийн баг бидний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Бүсээсээ шалгарсан баг Улаанбаатарт ирж, УАШТ-д өрсөлддөг юм. Бид аймгийнхаа нэрийг гаргаж тоглоно гэхээс тэмцээнийг тэсэн ядан хүлээдэг байв. Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, Бүх ард түмний спартакиад наадамд багаараа амжилттай тоглож, алт, мөнгө, хүрэл медалийг нэг бус удаа хүртсэн. Аваргын төлөө тоглож хожоод, цом, медаль хүртэхэд үгээр хэлэмгүй мэдрэмжийг авдаг байлаа. Тэр мөчийн баяр, догдлолыг нутгийнхантайгаа хуваалцаж байсан маань амьдралд минь мартагдахааргүй дурсамж үлдээжээ. Манай аймгийн шигшээ баг 2014, 2016 оны УАШТ-д тоглож, IV байрт шалгарсан.
-Тамирчин байхдаа хэний тоглолтыг харж, үлгэр дуурайл авдаг байв?
-Хөлбөмбөгийн шигшээ багийн ах нараас Б.Гарьдмагнай, Д.Лхүмбэнгарав нарын тоглолтыг харж бахархдаг байлаа. Тэдний ямар ч тэмцээнд тоглосон бууж өгдөггүй тэмцэгч, дайчин, хичээнгүй зан чанар нь бидэнд үлгэр дуурайл болдог байв. Би тэр үед тамирчны нүдээр зөвхөн тоглолтын уур амьсгалыг хардаг байжээ. Одоо дасгалжуулагч болсон тул багуудын тоглолтыг харьцуулан дүгнэж, тамирчдынх нь зан чанар, нэгдмэл байдал, ур чадвар, сэтгэл зүй, тактик гээд олон зүйлийг нэг доор олж харахыг хичээдэг. Монголын хөлбөмбөгийн спор
тод сайн дасгалжуулагч олон. Тэдний энэ спортод хайртай, бас багийнхаа тоглогчдыг шил дэг тамирчин болгож бэлтгэхээр амьдрал, хөдөлмөрөө харамгүй зориулж байгааг хараад би ч бас суралцаж байна.
-Г.Дүгэрсүрэн багштайгаа хамтарч, хэр холбоотой ажилладаг вэ?
-Багш Германд амьдарч байгаа. Манай клубийн Удирдах зөвлөлийн гишүүн болохоор шавь нарт минь байнга зөвлөдөг. Монголын хөлбөмбөгийн багт тоглох сонирхолтой тоглогчийг тус улсаас урих талаар бид ярилцаж байгаа. Багш бүх зүйлд ажил хэрэгч, баримт, судалгаатай ханддаг. Шавь нартаа шаргуу хөдөлмөрч зангаараа үлгэр дуурайл болж ирсэн. Түүний уйгаггүй хичээл зүтгэлийг хараад “Би ч азтай хүн юм” гэж боддог байлаа. Саяхан Киргиз, Монголын баг тамирчдын тоглолт Японд болоход Германаас надтай цахимаар холбогдож, “Чи энэ тоглолтыг үзээд ямар дүгнэлт хийв” гэж асуугаад, санал бодлоо хуваалцсан. Монголын шигшээ багийн тамирчид дотоод, гадаадын тэмцээнд оролцож, туршлага чамлахааргүй хуримтлуулж, ур чадвар, техникээ хөгжүүлэн жилээс жилд сайжирч байна. Сүүлийн үед залуус энэ спортод хүч түрэн орж, авьяасаа нээж байгаа нь сайн хэрэг.
-Шавь нараа амжилтад хүргэх гээд тамирчны карьераа арай л эрт өндөрлүүлсэн санагддаг.
-Миний хувьд тамирчны карьераа өндөрлүүллээ гэж харамсдаггүй. Надад өөрөө тоглохоос илүү шавь нараа амжилтад хүргэх хүсэл, зорилго байсан. Одоо бол баг тамирчдынхаа амжилтыг харж, урам авдаг. Оюутан байхаасаа сургуулийн сурагчдад хөлбөмбөг хэрхэн тоглох талаар зааж, бэлтгэл хийлгэсэн болохоор дасгалжуулагчийн ажил сонирхолтой санагддаг. Би ажилдаа дуртай. Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулиас эмэгтэйчүүдийн клубтээ хэдэн охин сонгож, гарынхаа шавь болгож бэлтгэлээ. Тэднээс гурав нь спортын дэд мастер цолтой. Тус сургуулийнхан манай клубтэй хамтран ажилласнаар хөлбөмбөгийн тамирчид төрөн гарч байна. Хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн 19, 23 насныхны шигшээ багт энэ сургуулиас дуудагдсан хүүхэд олон. Дасгалжуулагчийн хувьд өмнө нь багийнхаа тоглогчдын ур чадварт анхаарал хандуулдаг байсан бол одоо дайчин, зоримог, шийдэмгий тоглуулахад чиглэж байна. Өмнөх тоглолтуудаас манайхны сул тал харагдсан болохоор аль болох довтолж тоглохыг зөвлөдөг. Манай багийнхан хүнд бөмбөг өгөхгүй, зугтааж тоглодог байлаа. Бид үүнийг халж, талбайд өөртөө итгэлтэй, цоглог тоглолт өрнүүлэхийг зорьж байгаа. Одоо багийн маань тоглогчдыг гэр бүл нь сайн ойлгож, дэмждэг болсон. Эцэг, эх нь хамтарч ажиллах эерэг хандлагатай болсныг харах надад ч сайхан байдаг юм.
Охидыг амжилтын төлөө нэг хүн шиг зорилго тэмүүлэлтэй болгох амаргүй. Цаг хугацаа ч багагүй зарцуулна. Эмэгтэйчүүдтэй ажиллах хэцүү юү?
-Дасгалжуулагч багийнхаа тамирчдыг ойлгож, санаа бодлыг нь сонсож ажиллах хамгийн чухал. Багийн спортод анхаарал хандуулах зүйл бол энэ. Янз бүрийн зан араншинтай охидыг нэгтгэж, нэг хүн шиг санаа зорилготой болгоно гэдэг эхэндээ амар байгаагүй. Надад ч хэцүү санагдаж, шантарсан удаа бишгүй. Нэгнийх нь гэр бүл дэмжихгүйн улмаас тоглох авьяастай ч аргагүй эрхэнд хөлбөмбөгөөс холдсон бол нөгөө нь тоглох тоглохгүй нь мэдэгдэхгүй, дуртай дургүй ирж бэлтгэл хийнэ. Тухайн үед надад, шавь нарт минь ч бүх зүйл шинэ байсан болохоор аль алинд нь туршлага дутсан байх. Сүүлдээ ч өөрийгөө дасгалжуулагчаас илүү сэтгэл зүйч болчихсон юм уу гэж хүртэл боддог байлаа. Шавь нарынхаа ааш занг нь олох гэж зэмлэн зөвлөж, урам хайрлаж байсан тэр он жилүүд намайг сайн багш байлгахын төлөө зоригжуулж, хурцалсан. Багаараа амжилттай тоглож, аваргын цом өргөж байхдаа шавь нараа нэг хүн шиг зорилго, тэмүүлэлтэй болсныг хараад их баярласан. Тэр үед шавь нар минь ч гэсэн амжилт амархан ирдэггүй, зогсолтгүй хичээж хөдөлмөрлөсний үр дүнд ирдэг гэдгийг ойлгосон байлаа. Бид тэр үеийг бодвол одоо туршлагажиж, суралцсаар олон амжилтын ард гарчээ. Манай багийн охидоос дөрөв нь эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт дуудагдаж тоглодог.
-Өнгөрсөн хугацаанд тамирчдаасаа юуг илүү ойлгож, бас юуг ойлгуулах гэж зорьсон бэ?
-Ялалт, ялагдалд асар их ялгаа бий. Гэхдээ хөлбөмбөгөөс аль алийг нь мэдэрнэ гэдэг гайхамшиг. Дандаа хожно гэж байхгүй, ялагдчихаад ялахын төлөө тэмүүлэх сайхан. Би тамирчдадаа “Та нар ажил, хичээлийнхээ ачааллаас болоод бухимдаж болно. Харин хөлбөмбөгийн талбайд ирээд тэр бүхнийг мартаж тоглох хэрэгтэй. Бэлтгэл хийх, тоглохдоо ч энэ спортоос баяр, хөөр, аз жаргалыг мэдэрч бай. Өөрийгөө ялсан хүн өрсөлдөгчөө ялдаг” гэж хэлдэг. Хөлбөмбөг эв нэгдэл, эрч хүч, хурд, тэсрэлт шаарддаг спорт. Тэр ч хэрээрээ тамирчдын баяр хөөр, гуниг гээд сэтгэл хөдлөлийг харуулдаг. Багийн спорт нэг хүнээс шалтгаалах тохиолдол бий. Нэг нь айлын хаалганд гоол оруулахад багаараа хождог бол нөгөө нь хамгаалалтдаа алдаа гаргаж, гоол алдвал мөн л багаараа хожигдоно. Энэмэтчилэн хөлбөмбөгийн ногоон талбай тамирчдад олон зүйлийг ойлгуулж сургадаг.
-Танай клуб шиг УАШТ-д дараалж түрүүлсэн баг одоогоор алга. Багийнхаа тамирчдын хамгийн дурсгалтай тэмцээний талаар сонирхуулж яриач?
-Хөлбөмбөгийн тэмцээнүүдээс хамгийн дурсамж үлдээсэн тэмцээн бол УАШТ-ээс гурав удаагаа аваргын цом гардсан тоглолт. Аваргын төлөөх тоглолтод “Туулын том тулнууд” багийг манайхан 4:0-ээр хожиж, бахдам амжилт гаргасан. Цомнуудаа харахаар тэр тэмцээн өөрийн эрхгүй санаанд ордог. Дасгалжуулагчийн хувьд би ч гэсэн өөрт байгаа бүх ур чадвар, мэдрэмж, тактикаа шавхаж гаргасан.
-Таны ажлыг гэр бүл тань хэр ойлгож, дэмждэг вэ?
-Эхнэрийг минь Б.Алтанцэцэг гэдэг. “Хад” клубт тоглодог. Манайх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд минь хөлбөмбөгийн талбайд дагаж ирээд тамирчдын бэлтгэл хийхийг хардаг. Бид нэг нутгийнх, хүүхэд байхаасаа хөлбөмбөгөөр хичээллэж нөхөрлөсөн. Тэр үеэс нэгнээ дэмжиж ирсэн болохоор үл ойлголцож, маргах асуудал гардаггүй. Эхнэр одоо 19 насныхны шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг. Бид Монголын хөлбөмбөгийн төлөө хамтдаа зүтгэж, нэг зорилго, тэмүүлэлтэй урагшилж байна.
-Тив, тивийн үзэгчдийг нас хүйс, мэргэжил боловсрол харгалзахгүй нэгэн дээвэр доор цуглуулдаг спорт бол хөлбөмбөг. Европын аварга шалгаруулах тэмцээнийг зав гаргаад үзэж байна уу?
-Дэлхийд тэргүүлдэг спортын төрөлд хөлбөмбөг багтдаг. Цар тахал дэгдсэн ч хөлбөмбөгийн тоглолт товлосон хугацаандаа болж байна. Хүнд цаг үед энэ спортын тамирчид дэлхийн үзэгчдийн сэтгэлийг сэргээж, уйтгар гуниг, айдсаас түр боловч холдуулж байгаа. Одоо Франц, Италийн лиг, Европын аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байна. Сэтгэл догдлуулсан ийм тэмцээнийг үзэхгүй суух үзэгч ховор шүү дээ.