Санхүүгийн зохицуулах хорооноос саяхан Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журамд “Ногоон бонд”-ын зохицуулалтыг тусган баталсан билээ. Тус хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаштай “ногоон бонд”-ын талаар ярилцлаа.
-“Ногоон бонд” гэж ямар бондыг хэлж байна вэ. Уг бонд ямар онцлогтой бол. Тухайлбал, хугацаа нь урт байдаг гэж сонссон.
-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл 2019 онд Монгол Улсын “Ногоон таксономи” гэх баримт бичиг баталсан. Энэхүү баримт бичигт заасан үйл ажиллагаа явуулах компанийн гаргах бондыг “ногоон” гэж үзэх боломжтой. Онцлогийн хувьд нийгмийн хариуцлага бүхий “ногоон” хөрөнгө оруулагчдыг гадаадын, эсвэл дотоодын зах зээлээс татах боломжтой. Олон нийтээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг зөвхөн тухайн “ногоон” үйл ажиллагаанд зарцуулдаг.
Сүүлийн жилүүдэд олон улсад “ногоон” хөрөнгө оруулалтын сангууд, бонд худалдан авах сонирхол бүхий хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн шинэ журмаар “ногоон бонд” гаргах үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжих зорилгоор урт хугацаанд буюу хоёр жилийн турш хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулах боломж олгосон.
-Дээрх журамд “ногоон бонд” арилжихад тавигдах шаардлагыг тусгасан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
-Юуны өмнө уг журмын талаар мэдээлэл өгье. Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын хувьд арилжаа эрхлэх байгууллагын I ангилалд бүртгэлтэй, эсвэл Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулсан топ-100 аж ахуйн нэгж болон бусад компанийн гаргах бондыг манай байгууллага богино хугацаанд буюу ажлын 10 хоногт бүртгэх зохицуулалт бий болгосон. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өмнө нь байгаагүй “Bond indenture” буюу бонд гаргагч, андеррайтерын компанийн хооронд байгуулах гэрээтэй холбоотой харилцааг шинээр тусгалаа. Мөн бонд гаргагч тодорхой үнийн дүн бүхий өрийн хэрэгслүүдийг бүхэлд нь нэг удаа бүртгүүлж, тэдгээрийг нэг, эсвэл хэд хэдэн удаа хэсэгчлэн санал болгож, шаардлагатай санхүүжилт татах боломж бүхий “Бонд гаргах хөтөлбөр” хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн.
“Ногоон бонд”-ыг дээр дурдсаны дагуу Монгол Улсын “Ногоон таксономи”, эсвэл олон улсын холбогдох стандарт, шалгуурт заасан ангилал, шалгуурын дагуу “ногоон”, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг санхүүжүүлэх зорилгоор гаргах боломжтой. Ингэхдээ бонд гаргагч нь хөндлөнгийн мэргэжлийн баталгаажуулалтын байгууллагыг томилж, дүгнэлт гаргуулах боломжтой юм. Ийм замаар эх үүсвэр татахад тусгайлсан танилцуулгыг хөрөнгө оруулагчдад зориулан бэлтгэж, тайлагнадаг.
-Сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний хэмнэлттэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч компаниуд л “ногоон бонд” арилжих боломжтой юу. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд “ногоон бонд” гаргах боломжтой вэ?
-“Ногоон бонд” гаргах боломжтой этгээд нь сэргээгдэх эрчим хүчний, эсвэл эрчим хүчний хэмнэлттэй төслөөр хязгаарлагдахгүй. Монгол Улсын “Ногоон таксономи”-д маш өргөн хүрээтэй зорилтууд дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, хог хаягдлыг багасгах замаар бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт болон эко аялал жуулчлал зэрэг бусад үйл ажиллагаа хамаарна.
-Ийм бонд гаргах нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч болоод хөрөнгийн зах зээлд оролцогчид, цаашилбал эдийн засаг, байгаль орчинд ямар ач холбогдолтой вэ. Хөрөнгийн зах зээлд илүү олон оролцогч оролцох, мөн гадаадын хөрөнгө оруулалт татахад эерэг нөлөөтэй юү. Одоогоор Монголд “ногоон бонд” арилжсан тохиолдол байхгүй. Ийм бонд гаргах сонирхолтой компани, мөн худалдан авах хүсэлтэй хөрөнгө оруулагч хэр олон байгаа бол?
-Олон улсын хэмжээнд “ногоон бонд”-ыг хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах замаар сөрөг нөлөөг бууруулах болон байгаль орчинд ээлтэй бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор гаргаж байна. Энэ төрлийн шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээл тэлэх, нөгөөтээгүүр, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа өргөжих боломжтой. Гадаадын “ногоон” санхүүжилтийн хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад ч хөрөнгө оруулалтын шинэ боломж бий болно. Дээрх журмыг батлаад удаагүй байгаа тул одоогоор тухайн төрлийн бүтээгдэхүүн гаргах хүсэлт гаргасан компани байхгүй ч шинэ зохицуулалт бий болсноор сонирхогч талууд нэмэгдэх хүлээлттэй байна.
-“Ногоон” санхүүжилтийн зах зээл Монголд цаашид хэр өргөжнө гэж харж байна вэ?
-Олон улсын “ногоон” санхүүжилтийн зах зээл нь хэмжээний хувьд маш том бөгөөд улам тэлж байгаа. Дотоодын зах зээлд тодорхой орон зай бий болгох, олон улсын хөрөнгө оруулалтын байгууллага, санхүүгийн корпорацуудын оролцоог нэмэгдүүлэх ажлын эхлэлийг ийнхүү тавьж байна. Энэ төрлийн санхүүжилтийн эрэлт, хэрэгцээ дотоодод маш их бий. Жилд нэг орчим тэрбум ам.долларын эрэлт бий гэж сүүлийн үеийн судалгаагаар гарсан. Иймд “ногоон” санхүүжилтийн зах зээл Монголд цаашид хөгжих бүрэн боломжтой. Гагцхүү “ногоон бонд” гаргагч нь сайн засаглалтай, үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байх нь чухал юм.
…Олон улсын зах зээлд “ногоон бонд” арилжсан үзүүлэлт жил бүр өссөн дүн бий. Энэ нь тухайн бүтээгдэхүүний эрэлт их байгааг илтгэж буй…
Монгол Улс өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулсан Уур амьсгалтай холбоотой зорилтуудыг хэлэлцэх олон улсын чуулган дээр “Парисын хэлэлцээр”-ийн хүрээнд тодорхойлсон хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтаа 2030 он гэхэд 27.2 хувьд хүргэн нэмэгдүүлэхээр болсон. Энэ хэмжээний арга хэмжээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо бий. “Ногоон” санхүүжилтийн зах зээлд “ногоон бонд” гаргах боломжийг нэмэгдүүлэх бодлого баримталж, хөгжүүлснээр дээрх үр дүнд хүрэхэд дэмжлэг болох юм. Мөн баялаг бүтээгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүд байгаль орчинд ээлтэй шинэ төрлийн үйл ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн хэрэгцээт эх үүсвэрээ хөрөнгийн зах зээлээс татах боломжтой.
-Ер нь улс орнууд “ногоон” санхүүжилт, “ногоон” хөрөнгийн зах зээл бий болгоход хэрхэн анхаардаг вэ?
-Улс бүр өөр өөрийн онцлогтой байдаг. “Ногоон” санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх нь дээр дурдсанчлан санхүүгийн зах зээл болон хөрөнгө оруулалтын орчныг тэлэх боломж, нөгөө талаас байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бас нэгэн зорилтыг давхар агуулдаг. Иймээс ч Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон төрийн бус бусад байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын арга хэмжээ нь зөвхөн эхлэл, бусад боломжийг нээх, илүү боловсронгуй болгохын тулд хийх ажил их бий.
-Олон улсад хөрөнгө оруулагчид “ногоон” тодотголтой бондод хөрөнгө оруулах нь өнгөрсөн жилийнхээс 30 хувиар нэмэгдсэн гэсэн статистик байна. “Ногоон” тодотголтой бондуудын өгөөж ямар байдаг бол. Энэ талаар судалгаа бий юү?
-Олон улсын зах зээлд “ногоон бонд” арилжсан үзүүлэлт жил бүр өссөн дүн бий. Энэ нь тухайн бүтээгдэхүүний эрэлт их байгааг илтгэж буй. Харин 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр энэ үзүүлэлт бага зэрэг буурсан. Уур амьсгалын бондын санаачилга олон улсын байгууллагын мэдээлснээр өнгөрсөн онд 270 орчим тэрбум ам.долларын “ногоон бонд” гаргажээ. Өгөөжийн хувьд бусад бондоос ялгарах онцлог төдийлөн байхгүй ч бодлогын хүрээнд энэ төрлийн өрийн хэрэгсэл гаргагчдад дэмжлэг үзүүлж буй нь дүн нь өсөхөд голлон нөлөөлж байгаа болов уу.