Харвардын их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэн, Бостоны хүүхдийн эмнэлэг, Харвард-MIT-гийн хамтарсан “Broad” судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Жүгдэрийн БатЭрдэнэтэй ярилцлаа. Хүний гэдсэн дэх ашигтай бактерийн задалсан бүтээгдэхүүнийг зөөвөрлөн, бүх биеэр дамжуулах үүрэгтэй генийг тэрбээр нээсэн бөгөөд үүнийгээ “Тараг” гэж нэрлэн, Дэлхийн генийн санд бүртгүүлжээ.
Миний хувьд энэ чанарыг бага наснаасаа эцэг, эхийн хүмүүжлээс авсан гэж боддог. Тэр дундаа манай ээж үүнийг аль хэдийн ойлгочихсон, миний эд, эсэд шингэтэл суулгасан чанар гэж боддог
-Та энэхүү судалгааны ажлынхаа талаар тайлбарлахгүй юү?
-Бактери бол хүний биеийн хамгийн том “эрхтэн” гэж хэлэхэд буруудахгүй. Эрхтэн тогтолцооны хэмжээнд бактерийг авч үзэн, өргөн хүрээтэй судалдаг болжээ. Хүний биед 30- 40 их наяд ашигтай бактери бий. Энэ нь биеийн нийт эсийн тоотой тэнцэнэ. Харин хүний бие гений тооноосоо ойролцоогоор 40 дахин их бактерийн гентэй. Ашигтай бактери нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, хоол боловсруулах үйл явцад оролцдог болохыг аль хэдийн тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд дархлаа дэмжих, бодисын солилцоог идэвхжүүлэх, нас уртасгах болон Альцгеймер (зөнөгрөх), аутизм, чихрийн шижин, таргалах, харшил, хорт хавдар зэргээс урьдчилан сэргийлэхэд ашигтай бактерийн нөлөө хэр байх вэ гээд олон талаас нь судалж буй юм.
Тодруулбал, PCR шинжилгээгээр “эерэг” гарсан өвчтөнүүдийн бие дэх “бактеройдэс” гэсэн нэг төрлийн ашигтай бактерийн тоо нь “сөрөг” хариутай хүмүүсийнхтэй харьцуулахад маш цөөхөн байсан. Хулганад хийсэн урьдчилсан судалгааны дүнгээр энэ төрлийн бактерийн тоог нь нэмэгдүүлснээр коронавирусээр үүсгэгддэг, “Ковид-19”-тэй төстэй, хулганы өвчин илаарьшиж байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ энэ талаар ярихад эрт байна.
Ашигтай бактери нь бодисын солилцоо, дархлааг хэрхэн дэмждэг талаас нь би судалдаг. Тиймээс “Гэдэсний ашигтай бактери (микробиом) нь дархлаа болон бодисын солилцоог хэрхэн зохицуулах нь” бүтээлээ дархлааны салбарын тэргүүлэх хэвлэл, “Immunity” сэтгүүлд хэвлүүллээ. Эслэг ихтэй хоол хүнсийг хүний хоол боловсруулах замын эрхтэнүүд задлах чадваргүй. Энэ үүргийг бактери л гүйцэтгэж, биед шимэгдэх бололцоотой, жижиг хэмжээтэй бүтээгдэхүүн болгон задалдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг нь гэдэсний дотоод шүүрлийн эс таньдаг болохыг судалгаагаараа нотолсон. Мөн энэ эсийн хананд нэгэн зөөвөрлөгч уураг (ген) байдгийг тогтоосон юм. Үүнийг би “Тараг” гэж нэрлэн, Дэлхийн генийн санд бүртгүүллээ. Товчхондоо энэ уураг нь бактериудын задалсан молекулыг таньж, гэдэсний дотоод шүүрлийн эсүүд рүү зөөвөрлөдөг. Ингэж зөөвөрлөснөөр хүний биеийн дархлаа, бодисын солилцоо хэвийн явах боломж бүрдэнэ гэсэн үг.
-Яагаад “Тараг гэж нэрлэсэн юм бол?
-Бактерийн исэлдэх процессыг ашиглан боловсруулдаг бүтээгдэхүүн болох тараг, айраг, цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнс. Тиймээс энэ онцлог, мөн англи хэлэнд хэрэглэхэд дөхөмтэйг нь харгалзан ингэж нэрлэсэн.
-Таны судалгаа ямар ач холбогдолтой юм бэ. Цаашид практикт нэвтрүүлэх боломжтой юу?
-Би суурь судалгаа хийдэг. Өөрөөр хэлбэл, онолын түвшинд судалж, механизмыг нь тогтоодог гэсэн үг. Миний бүтээлийн үр дүнд тулгуурлан Харвардын лаборатори, Бостоны хүүхдийн эмнэлэгт эмнэл зүйн судалгааг эхлүүлэх боломжтой. Гэхдээ ингэж судлахад арай эрт байна. Үүнээс гадна судалгааны минь үр дүнд бий болсон цоо шинэ нээлтүүдэд үндэслэн шинэ чиглэлүүд үүсэх боломж бүрдлээ. Гэдэсний бактери нь ашигтай гэдгийг хүмүүс мэддэг. Гэвч эдгээр бактери нь хүний биеийн яг аль эстэй харилцан үйлчлэлцэн, ямар уурагтай нь холбогдож, бодисын солилцоог хэрхэн идэвхжүүлэн, дархлаа дэмждэгийг мэддэггүй байсан. Үүнийг олж тогтоосон нь судалгааны дөнгөж эхлэл. Энэ судалгаанд үндэслэн эмчилгээний шинэ тактик, стратеги боловсруулах боломжтой гэсэн үг. Жишээ нь, чихрийн шижин, эсвэл гэдэсний халдварт өвчний эмчилгээний чиглэлээр ажилладаг судалгааны баг байна гэж үзье. Тэгэхээр нээлтэд маань тулгуурлан эдгээр өвчнийг эмчлэхэд ашигтай бактери болон тэдгээрийн дотоод шүүрлийн эсүүдтэй харилцан үйлчлэх онцлогийг ашиглан эмчилгээний шинэ арга, техник боловсруулж, турших боломжтой.
-“Тараг” нэртэй уураг хүний биеийн онцлогоос шалтгаалж цөөн, эсвэл олон тоогоор байдаг уу?
-Жимсний ялааны гэдэсний бүтэц нь хүний биеийнхтэй маш адил тул түүн дээр туршсан. Тэгэхээр жимсний ялаа, хулганын гэдсэнд уг уураг бий. Харин хүний онцлогоос шалтгаалан цөөн, эсвэл олон тоогоор байдаг, эсэхийг нь судлаагүй. Хүний биеийн гэдэсний эсүүдийн нэг хувьд хүрэхтэй, үгүйтэй л цөөн тооны эс нь дотоод шүүрлийнх байдаг. Тиймээс дотоод шүүрлийн эсийн хананд нь байрладаг “Тараг” уураг нь хүн бүрт өөр өөр тоотой байна гэдэг нь боломжгүй байх.
-Судалгааг хэдий хугацаанд хийв. Бүтэлгүйтэх, туршилт хийхэд хүндрэл учирч байв уу?
-Судалгаа хийхэд олон жил шаарддаг. Энэ ажилд харьцангуй богино буюу 2-3 жил зарцуулсан. Мөн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэхээр материалаа явуулж, нэг жил орчим хүлээлээ.
Бүтэлгүйтэх нь судалгааны ажил хийж байгаа хүмүүсийн хувьд өдөр тутмын тохиолдол. Мэдээж тухайн судлаачийн туршлага, зохион байгуулалт, сайн бэлтгэлээс хамаарч энэ нь багасдаг. Би судалгааны харьцангуй сайн туршлагатай. Монголд АШУҮИС-д суралцсан. Төгсөх курсийн оюутан байхдаа Монголын анхны, биотехнологийн “Шижир” нэртэй гарааны компанид ажилласан юм. Тэндээс маш их зүйл сурсан. Мөн БНХАУ, Япон, Австрали, Британи, АНУ зэрэг оронд амьдарч, их сургуулиудад нь суралцаж, эрдмийн зэргээ дээшлүүлэн, судалгаа хийхэд 16 жил зарцууллаа.
-Та энэхүү судалгаагаа бие дааж хийсэн үү?
-Шинжлэх ухааны судалгаа нь 99 хувийн хамтын ажиллагаа байдаг. Гэхдээ энэ удаад бие дааж хийлээ. Өмнө нь олон төрлийн судалгаанд бусадтай хамтран ажилласан. Лабораторийн удирдагч, мөн намайг Харвардад ирэхэд чиглүүлсэн судлаач зөвлөхийн хувиар, миний бие гээд гурван хүний нэр л энэхүү судалгааны эхэнд бичээстэй байгаа.
-Цаашид судалгаагаа хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Ашигтай бактери болон хоол хүнсний харшил, автоиммуны өвчнийг холбон судлахаар төлөвлөж байгаа. Бидний хэрэглэдэг хүнсний төрөл, зүйл нэмэгдэхийн хэрээр хүнсний харшил нь сүүлийн 10-20 жилд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал боллоо. Харшил бол бидний дархлааны тэсвэрлэх чадвар алдагдсаных гэж үздэг. Дархлааны энэхүү тэсвэрлэх чадварыг дэмждэг хэсэг төрлийн ашигтай бактери гэдсэнд байдгийг тогтоосон. Тэдгээрийг шууд, эсвэл ялгаруулдаг бүтээгдэхүүнийг нь ашиглан хүнсний харшлаас сэргийлэх, бүүр цаашлаад эмчлэх боломжийг судлахаар ажиллаж байна.
-Гэдсэн дэх ашигтай бактерийнхаа тэнцвэрийг хэрхэн хангах боломжтой вэ?
-Монголчууд пробиотик гэж сайн мэддэг, хэрэглэдэг ч болсон. Энэ нь ихэвчлэн лакто, эсвэл бифидобактери гэх ашигтай бактериар баялаг. Зарим улсад ашигтай бактерийг маш олон төрлөөр нь савлан, эмчийн жороор бичиж, хэрэглүүлдэг. Хүний биед 1000-2000 төрлийн бактери бий. Эдгээрээс маш цөөн тооныхыг нь л судалсан байдаг. Гэхдээ бүгдээрээ ашигтай гэвэл магадгүй өрөөсгөл. Судалсан, ашигтай бактериудын зарим нь цусан дахь сахарыг бууруулах, дархлааг дэмжих гэх мэтчилэн тусгайлсан үүрэгтэй, өөр өөр төрлийн молекул ялгаруулдаг онцлогтой. Ямар өвчний үед аль бактерийн тоо нь ихсэж, эсвэл багасаж, ямар бодис ялгаруулж байгааг тогтоож, тухайн өвчтөнд тохируулсан эмчилгээний тактик боловсруулах зэргээр маш олон судалгааг дэлхий даяар хийж байна. Цаашид энэ чиглэлийн судалгаа хурдтай хөгжих нь тодорхой.
-Тэгвэл “Ковид-19” өвчний үед аль бактери нь хэрэгтэй юм бол. Одоо тархаад буй цар тахлын үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
-“Ковид-19”-ийн талаарх судалгааг өдөрт хэдэн мянгаараа нийтэлж байна. Биотехнологийн, бактери судалдаг компаниуд ч энэ чиглэлийн судалгааг аль хэдийн эхлүүлсэн. Одоогоор “Ковид-19”, ашигтай бактерийн холбоо хамаарлын судалгаа эхний шатандаа л байна. Ашигтай бактер буюу микробиом гэсэн нэршлийг томьёолсон, Харвардын судлаачтай би хамтран ажиллаж, судалгааны төсөл боловсруулж байгаа. БНХАУ-ын Ухань хотод халдвар анх гарах үед хүндээр өвчилсөн тохиолдлынх нь сорьцуудыг Харвардад авчруулсан. Судалгааны урьдчилсан үр дүн нь гарч эхэллээ. Тодруулбал, PCR шинжилгээгээр “эерэг” гарсан өвчтөнүүдийн бие дэх “бактеройдэс” гэсэн нэг төрлийн ашигтай бактерийн тоо нь “сөрөг” хариутай хүмүүсийнхтэй харьцуулахад маш цөөхөн байсан. Хулганад хийсэн урьдчилсан судалгааны дүнгээр энэ төрлийн бактерийн тоог нь нэмэгдүүлснээр коронавирусээр үүсгэгддэг, “Ковид-19”-тэй төстэй, хулганы өвчин илаарьшиж байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ энэ талаар ярихад эрт байна.
Хоол хүнсээр дамжуулж дархлаагаа дэмжье гэвэл эслэгээр баялаг бүтээгдэхүүн, ногоо жимс, бүхэл үрийн үр тариа, самар, шошны төрлийн хүнс, цагаан идээ, айраг, тараг хэрэглэх нь тустай. Ашигтай бактериуд эслэг ихтэй бүтээгдэхүүнээр тэжээгдэж, хоорондоо түүнийгээ солилцдог. Үүний үр дүнд задалж, хэрэгтэйг нь хүний биед дамжуулдаг юм. Харин хэт их боловсруулсан бүтээгдэхүүн, жишээ нь, хиам, лаазалсан зарим төрлийн хүнс, бэлэн гоймон, маргарин, түргэн хоол, хийжүүлсэн ундаа, чипс зэргээс татгалзах нь зөв.
-Монголдоо ирж, улсынхаа анагаах ухааны салбарыг хөгжүүлье гэж боддог уу?
-Шинжлэх ухаан бол маш өндөр зардал шаарддаг. Манай улсын хувьд шинжлэх ухаандаа их хэмжээний хөрөнгө зарцуулах нөхцөл хараахан бүрдээгүй байх. Надад хийхээр төлөвлөсөн олон ажил бий, хүрье гэсэн зорилго маань ч өндөр. Одоо олон төсөл хэрэгжүүлж байгаа, мөн надад санал болгосон судалгаа ч их бий. Ойрын хэдэн жилдээ Бостонд судалгаагаа өргөжүүлнэ. Учир нь миний хийдэг судалгаа энд илүү өргөжиж байна. Харин монгол залуустаа аль болох зөвлөгөө өгөхийг хичээдэг. Анагаахын шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийх хүсэлтэй залуус надтай холбогддог юм. Өөрийнхөө карьерыг өсгөх, гадаадын сургуулиудад хэрхэн элсэн, суралцах талаар зөвлөгөө, мэдээлэл авдаг. Оюутнуудтай уулзалт ч хийдэг. Олон монгол залуу гадаадын орнуудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа. Монголдоо ажиллаж, тухайн салбартаа хувь нэмрээ оруулахаас зарим тохиолдолд гадаадад хөдөлмөрлөж буй мэргэжилтнүүд эх орныхоо хөгжилд магадгүй илүү өндөр түлхэц үзүүлэх боломжтой. Тэд ч гэсэн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж л байдаг.
-Манай улсын анагаах ухааны салбарын хөгжлийг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Чамлахааргүй, сайн түвшинд хөгжиж байна гэж үздэг. АШУҮИС, МУИС, ШУТИС-ийн оюутнууд, багш нарын дунд олон улсын түвшний судалгаа хийж, сэтгүүлд хэвлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, зөв чиг хандлага ажиглагддаг. Монголын боловсрол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө. Үүний нэгэн жишээ нь би өөрийгөө гэж үздэг. АШУҮИС-ийг төгсөөд л энэ замналаа эхлүүлсэн. Мэдээж хувь хүний тууштай, шантаршгүй байдал маш чухал.
-Та өмнө нь ямар судалгаа хийж байсан талаараа ярихгүй юү?
-Австралид эрдмийн зэргээ хамгаалж байхдаа устөрөгчийн хийг задалж, цахилгаан эрчим хүч гаргадаг бактерийн шинэ уургийг судалж, тогтоосон. Мөн газрын хөрсөнд олон жилийн турш булагдсан химийн хортой бодисуудыг хэрхэн цэвэршүүлэх талаар судалсан юм. Ер нь химийн хортой бодисуудыг хэрхэн цэвэршүүлэх аргыг олоход бэрх. Гэтэл тэр орчимд нь амьдардаг бактериуд хорт бодисуудыг нь задалж, хоргүйжүүлдэг уураг үйлдвэрлэдэг болохыг илрүүлж, тухайн уургийг нээн, шинээр нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, бактери ашиглан сэргээгдэх эрчим хүч гаргаж авах, орчны бохирдлыг хоргүйжүүлэх чадвартай хоёр шинэ уургийг би нээсэн. Үүгээрээ Харвардын судлаачдад “танигдаж”, энд ажиллах боломж бүрдсэн түүхтэй.
-Монгол залууст хандан ямар зөвлөгөө өгөх вэ?
-Манай залуус орчин үед их уншиж, суралцаж байгаа нь тодорхой. Залуу хүн зорилготой байх ёстойг ч тэд мэднэ. Зорьсон зорилгодоо мятрашгүй, шантралгүй, бас аз жаргалтайгаар хөдөрлмөрлөсөөр хүрэх чадвар маш чухал гэдгийг хэлмээр байна. Энэ чадварыг аль болох бага насанд нь суулгах нь нэн чухал гэдгийг сэтгэл судлаачид сүүлийн жилүүдэд ярьж байна.