Халдварын нөхцөл байдал хүндрэх бүрт УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал гаргадаг жишиг тогтлоо. Энэ удаа тэд “Долдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтоохгүй бол халдварын тархалт, нас баралт буурахгүй, харин ч оргилдоо хүрэхээр байна” хэмээв. Ингэхдээ 10, 16 хоногоор хөл хорио тогтоох хоёр хувилбар бүхий саналыг УОК, Засгийн газарт өгсөн гэж зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн мэдээлсэн. Ийм арга хэмжээ авахгүй л бол хоногийн үзүүлэлт 3500-д хүрч, өдөрт дунджаар 15 хүн нас барах магадлалтай гэж тэрбээр хэлсэн юм.
Хөл хорио тогтоох нь түүний ярьсан шиг амар зүйл биш. Энэ нь амьжиргаагаа арайхийн залгуулж байгаа иргэдэд, хөл дээрээ тогтож ядан буй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хувьд хүнд цохилт. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цар тахал дотоодод тархсанаас хойш нийслэлд дөрвөн удаа хөл хорио тогтоосон. Үүнээс эхнийх нь нэг сар, хоёр дахь нь 21, дараагийнх нь 10, сүүлийнх нь 28 хоногийн хугацаатай байсан. Өөрөөр хэлбэл, дөрвөн удаагийн хөл хорионы нийт хугацаа нь гурван сар. Ийм удаан хугацаагаар үйл ажиллагаагаа хязгаарлуулсан, орлогоо алдсан аж ахуйн нэгж, бизнесийн салбарынхан, тэдгээрт ажилладаг иргэд амиа зогоох аргагүй болно. Жижиг бизнес эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг олон иргэн, айл хоногийн хоолноосоо сална. Тиймээс тэвчээр нь барагдсан үйлчилгээний байгууллагынхан өчигдрөөс УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, мөрдөхгүй гэдгээ мэдэгдээд эхэллээ. Олон иргэн үүнийг дэмжиж, бас цөөнгүй аж ахуйн нэгж, байгууллага уг хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлэв. Гэтэл эрдэмтэд үүнийг огт тооцохгүйгээр “Хөл хорио тогтооно” гэхээс өөр гарц хайхгүй байна. Хөл хорьчихлоо гэхэд аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын орлого, иргэдийн амьжиргаа хэрхэн муудаж, ямар сөрөг үр дагавар гаргахыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолох чадвартай эрдэмтэн тус зөвлөлд алга уу. “Нөхцөл байдал хүндэрвэл хөл хорьчихъё” гэж хэн ч бодож, хэлж чадна. Харин эрдэмтэд тооцоо, судалгааны үндсэн дээр илүү холыг харж, бүх талаас нь бодож тунгааснаар оновчтой шийдэл гаргах учиртай.
Халдварын тархалт ихсэж, нөхцөл байдал туйлдаа хүрчихээд байхад эрх баригчид Төрийн ордонд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг хэлэлцэж байна. Бас наадмыг цахимаар хийнэ гэсэн хэрнээ их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалт авах хугацааг нэг сар гаруйгаар хойшлуулчихаад хэнэг ч үгүй сууна. Эдгээрээс ядаж аль нь чухал болохыг дэнслээд, эрх баригчдад зөвлөчих эрдэмтэн эрхбиш баймаар сан. Нөхцөл байдлыг ойлгохгүй, эсвэл ойлгосон ч хайхрахгүй байгаа түшээддээ Эрдэмтдийн зөвлөл нь дорвитой шийдэл гаргаж өгөх, нэн даруй хэрэгжүүлэх талаар зөвлөх учиртай атал зөвхөн хөл хорио ярьж суугаа нь харамсалтай.
“Ковид-19” дотоодод тархсаны дараахан буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд тус зөвлөлийг байгуулжээ. Тухайн үед Шадар сайд, УОК-ын даргаар Я.Содбаатар ажиллаж байв. Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар ажилладаг бөгөөд 25 гишүүнтэй. Гишүүний тоо өмнө нь 21 байсан бол С.Амарсайхан Шадар сайд болсны дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд Эрдэмтдийн зөвлөлийг өргөтгөж, гишүүний тоог дөрвөөр нэмжээ. АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Р.Оюунгэрэл, ХӨСҮТ-ийн тархвар судлаач, доктор Ч.Мөнхцэцэг, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельминт судлалын лабораторийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор З.Батсүх, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-Оргих нарын 25 гишүүн уг зөвлөлд багтдаг гэнэ.
Тус зөвлөлийнхөн өнгөрсөн хугацаанд нэг удаа халдварын тархалт эрс буурна гэж мэдэгдсэн. Тэр нь “Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нөлөөгөөр зургадугаар сарын 15-наас халдварын тархалт, нас баралт эрс буурна” гэх таамаг байв. Харамсалтай нь, эрдэмтдийн эл таамаглал бодит байдлаас хол зөрсөн бөгөөд харин ч халдварын тархалт, нас баралт дээр дурдсан хугацаанаас хойш эрс нэмэгдлээ. Гэтэл тэд тооцооллын эл алдаагаа эрх баригчдад бус, иргэдэд тохоод өнгөрсөн. Тухайлбал, “Иргэдийн хөл хөдөлгөөн эрс ихэссэн учраас тооцоолол зөрсөн” хэмээв.
Өнгөрсөн тавдугаар сарын 18-нд улсын хэмжээнд 349 хүн коронавирусээр халдварласан нь батлагдсан юм. Энэ нь хоёр сарын доод түвшин байсан. Гэтэл үүнээс хойш уг тоо тогтмол нэмэгдсээр энэ сарын 15-нд 2746-д хүрсэн нь дээд үзүүлэлт боллоо. Ийнхүү өссөн нь гурван шалтгаантай байв. Нэгдүгээрт, халаагаа өгч буй Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн шагналыг хавтгайруулан олгож, баруун, солгойгүй “цацсан”. Тэрбээр 10 000 гаруй хүнд шагнал олгосон гэх сураг ч байна. Тэр хэмжээгээр төв талбайд олон хүн цугларсан. Түүнчлэн шагнал авсан хүмүүс баяраа тэмдэглэн, найр хийж, хамаатан садан, ажлын газрынхан гээд олон хүнийг нэг доор цуглуулснаас халдвар тархсан гэж эрүүл мэндийн салбарынхан хааяагүй л мэдээлэх болсон.
Хоёр дахь шалтгаан нь шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой байлаа. Цар тахлын улмаас шат шатны сонгуулийг хойшлуулсан туршлага олон улсад бий. Мөн олон улсын жишгийн дагуу сонгуулийн сурталчилгааг цахимаар хийх ч боломж байсан. Гэтэл эрх баригч намынхан Төрийн тэргүүний сонгуулийг зохион байгуулахаар улайрч, улмаар санасандаа хүрэв. Тус намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх орон нутгаар хөндлөн гулд явж, очсон газар бүртээ иргэдийн бөөгнөрөл үүсгэсний гороор “ногоон” байсан аймгууд бүгд шахам “улаан” бүс болчихлоо. Дөнгөж амаржсан жирэмсэн эхийг эмнэлэг хооронд тээвэрлэхдээ алдаа гаргасан шалтгаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон нь ердөө тавхан сарын өмнөх явдал. Тухайн үед төр, засаг хариуцлага хүлээж сурч байна гэх эерэг ойлголт авсан ч бодит байдалд юу ч өөрчлөгдсөнгүй.
Цар тахлыг хяналтаасаа алдсан гурав дахь шалтгаан нь эрүүл мэндийн салбарынхны гаргасан эмчилгээний тактик нэртэй будилаан. Өдгөө ойрын хавьтал байтугай халдвар авсан иргэдийг ч тоох хүн олдохгүй байна. Холбогдох байгууллагынхан иргэдэд “Гэртээ өөрийгөө тусгаарла. Тандалтын баг ирж, шинжилгээ авах хүртэл хүлээ. Өрхийн эмч танд тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэж зөвлөхөөс хэтэрдэггүй. Ингэснээр гэртээ байгаа хүмүүс хамт амьдарч байгаа бусдадаа халдвар тарааж, нэг нь бус, нийтээрээ өвчлөх болов. Өрхийн эмч тэдэнд дорвитой тусламж үзүүлэхгүй, эмийн нэр хэлж өгөхөөс хэтэрдэггүйгээс зарим хүний биеийн байдал гэнэт хүндэрч, эмнэлэгт очоод удалгүй нас барсаар л байгаа. Хөнгөн өвчилсөн иргэд өөрийгөө эдгээсний дараа Тандалтын баг ирж буйг цөөнгүй хүн хэлж, шүүмжлэх боллоо. Товчхондоо, төр, засаг иргэдээ гэрт нь “хаяж”, дархлаа сайтай нь мэнд үлдэг гэх хандлага гаргаж байна.
Энэ бүхнийг тоочсоны учир нь өнөөх л Эрдэмтдийн зөвлөлтэй холбоотой. Дээр дурдсан гурван шалтгаан бүрт тус зөвлөлийнхөн дүн шинжилгээ хийж, холбогдох хүмүүст нь санал зөвлөмжөө яагаад өгсөнгүй вэ. “Халдвар хамгааллын дэглэм баримтал, гэрээсээ бүү гар, та нараас болоод халдвар тараад байна” гэж иргэдийг буруутгадаг хэрнээ баруун, солгойгүй шагнал тараасан Ерөнхийлөгчид яагаад зөвлөмж өгсөнгүй вэ. Бас аймаг, сумдаар “аялж”, иргэдийг бөөгнөрүүлсэн нэр дэвшигчдэд юу ч хэлсэнгүй. Түүнчлэн халдварын тархалт ихэсвэл эрүүл мэндийн салбар туйлдаа хүрэхийг мэдсээр байж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй арга замуудыг зөвлөсөнгүй. Мөн олон улсад коронавирусийн мутацад орсон хэлбэр тархаж, тэр нь манайд ороод ирсэн ч байж мэдэхээр байна. Гэтэл эрдэмтдийн судалгаа хаачив. Эрдэмтдийн орон зай үгүйлэгдсэн энэ мэт олон ажил байхад тэд зөвхөн хөл хорио тогтоох талаар ярьж суугаа нь эмгэнэлтэй.
Эрх баригчид хөл хорио тогтоохоор нийгмийн сэтгэл зүйг бэлдэж эхэлсэн. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Халдварын тархалт буурахгүй бол хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэж байн байн хэлэх болов. УОК хуралдаж, халдвар тархах эрсдэл өндөр хэмээн фитнес, саун, бассейныг 10 хоног хаахаар шийдвэрлэлээ. Мөн зоогийн газруудад тогтоосон хязгаарлалт буюу танхимдаа иргэдийг суулгахгүй, зөвхөн хүргэлтээр үйлчлэх зохицуулалтыг дахин 10 хоногоор сунгав. Түүнчлэн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоохгүй бол болохгүй нь гэх уламжлалт мэдэгдлээ олон нийтэд байн байн өгөх боллоо. Үүнээс гадна “60 хоног хөл хорио тогтоох нь” гэх мэдээлэл энэ сарын 22-ноос эхлэн нийгмийн сүлжээгээр тархав. Мэдээж ийм удаан хугацаагаар хөл хорио тогтоох боломжгүй. Иргэд ч зөвшөөрөхгүй. Харин ийм мэдээлэл олон нийтийн дунд тархсаны дараа цөөн хоногоор хөл хорио тогтоовол иргэд эсэргүүцэх нь бага гэж тооцоолсон эрх баригчдын бодлого гэж л үүнийг ойлгож болохоор байна.
Бэлтгэсэн: М.Оч